Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Европ руу экспортолж буй Энэтхэгийн дизель түлшний хэмжээ дээд амжилт тогтоолоо

Ч. Сансар

Энэтхэгээс Европ руу экспортолдог дизель түлш 9-р сард түүхэн дээд хэмжээнд хүрсэн байх магадлалтай гэж эх сурвалжууд мэдээллээ.

Лондонгийн хөрөнгийн бирж групп (LSEG), судалгааны “Kpler” компани  болон худалдааны хоёр эх сурвалжийн мэдээлснээр 9-р сард Энэтхэгээс Европыг чиглэсэн дизель түлшний экспорт 1.3-1.4 сая тонн (9.7-10.4 сая баррель) хүрсэн гэжээ.

Түүхий нефтийн хэрэгцээний гуравны нэгийг Орос улсаас хангадаг Энэтхэгийн боловсруулах үйлдвэрүүд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, илүүдэл бүтээгдэхүүнээ гадагш гаргаж, бензин, дизель түлшний экспорт нь дээд амжилт тогтоож байна.

LSEG-ийн мэдээлснээр, Азийн болон Европын зах зээлийн үнэ ханшийн зөрүү есдүгээр сард 45 ам.доллар орчим болж, компаниуд дизель түлшийг Европ руу илүү их хэмжээгээр худалдаж эхэлсэн байна.

Нефть боловсруулах үйлдвэрүүд засвар үйлчилгээ хийж байгаагаас болж Европт дизель түлшний нийлүүлэлт багасаж, үнэ өссөн гэж худалдаачид тайлбарлав.

Европт аравдугаар сард өдөрт 550,000–600,000 баррель газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрүүд түр зогсох юм байна. Энэ нь есдүгээр сард түр хаагдсан 400,000 баррель боловсруулах хүчин чадалтай харьцуулахад өссөн үзүүлэлт юм.

Тээвэрлэлтийн зардал мөн тонн тутамд 10 орчим доллараар буурсан гэж хоёр брокер мэдээллээ.

Энэтхэг-Европын чиглэлд 90 мянган тонн боловсруулсан түлш тээвэрлэх зардал есдүгээр сарын сүүлийн хагаст 3.25-3.5 сая ам.доллар болж буурчээ.

Энэтхэгээс Европ руу экспортлох хэмжээ өссөний улмаас Ази тивийн нийлүүлэлт буурч, 10 ppm хүхэртэй дизелийн нэмэлт үнэ нь бараг 1.50 ам.долларт хүрсэн нь сүүлийн хоёр сарын хамгийн өндөр үзүүлэлт байлаа.

Энэтхэгийн түлшний экспорт дотоодын эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор аравдугаар сард буурна гэж Vortexa компанийн судалгааны албаны дарга Иван Мэтьюс таамаглаж байна.

Цаашид худалдааны компаниуд Энэтхэг болон Европ хоорондох дизель түлшний худалдааг хэрхэн өөрчлөгдөх тал дээр болгоомжтой хандаж байгаа. Гол шалтгаан гэвэл нь Оросын нефтийг боловсруулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хориглох тухай Европын Холбооны 18 дугаар хориг арга хэмжээ Энэтхэгийн шатахууны экспортод хэрхэн нөлөөлөх талаар мэдээлэл дутагдаж байна.

reuters.com