Ч.Сансар
BHP компани Өмнөд Австрали мужийн “Olympic Dam” хэмээх зэс, алт, ураны ордод 555 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Энэ нь 2028 онд хийгдэхээр төлөвлөгдсөн олон тэрбум долларын өргөтгөлийн өмнөх шатны төслүүдийн нэг нь юм.
Энэ хөрөнгөөр газар доор хонгил барьж, тус уурхайн өмнөд хэсэгтэй холбогдож, тэнд агуулагддаг ашигт малтмалыг судалж олборлох зорилготой байгаа аж. Мөн уг төслийн хүрээнд гүн хэсгүүдэд дүүргэгч материал хүргэх систем барьж байгуулах, хүдэр тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, зэс хайлуулах, боловсруулахад зориулсан шинэ хүчилтөрөгчийн үйлдвэр барих зэрэг ажлууд багтсан билээ.
“BHP бол дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч компани бөгөөд бид 1.7 сая тонноос 2.5 сая тонн хүртэл зэсийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг зорьж байгаа” гэж компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Эдгар Басто мэдэгдлээ.
BHP нь Өмнөд Австрали муж дахь зэсийн үйлдвэрлэлээ бараг хоёр дахин нэмэгдүүлж, 2030-аад оны дунд үе гэхэд 650,000 тоннд хүргэх боломжийг судалж байна.
Төслийн хэрэгжилт нь эрчим хүчний зардал болон макро эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Майк Хенри өнгөрсөн сард хэллээ. BHP компани сүүлийн 15 жилийн хугацаанд “Olympic Dam” уурхайгаа өргөтгөх гэсэн саналаа хэд хэдэн удаа танилцуулж, хойшлуулсаар ирсэн юм.
Olympic Dam нь дэлхийн хамгийн том зэс, уран, алтны ордын нэг юм. Уг орд нь BHP компанийн урт хугацааны хөгжлийн стратегид гол байр суурь эзэлдэг. Мөн дэлхийн тэргүүн зэс нийлүүлэгч болох гэсэн Австрали улсын зорилгыг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Тус уурхай сүүлийн гурван жил дараалан жилд 300,000 тонноос дээш зэс олборлож байна.
Copper SA компани нь BHP компанийн Өмнөд Австрали дахь салбар бөгөөд Olympic Dam уурхайгаас гадна Prominent Hill ба Carrapateena уурхайг ажиллуулдаг. Чилид оршдог Escondida уурхайтай хамт BHP компани дэлхийн хамгийн том зэсийн нөөцийг хянадаг билээ.
Copper SA нь 2025 оны санхүүгийн жилд (6-р сарын 30-нд дууссан) хоёр сая тонноос дээш зэс олборлож, сүүлийн гурван жилийн хугацаанд зэсийн үйлдвэрлэл нь 28%-иар өссөн гэж жилийн тайландаа дурджээ.