Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Монгол улс Онтрэ-тэй тусад нь ХөОГэрээ байгуулна

Салбарын сайд Хянан шалгах түр хорооны хуралдаанд Оюутолгойн хэлэлцээрийн асуудлаар мэдээлэл хийлээ (2025.10.01). Тэрбээр “Энэ хэлэлцээрийн хүрээнд нийт ард түмэнд хүртэгдэх өгөөжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тиймээс Онтрэ гоулд” компани дээр байгаа хоёр лиценз тус компани руу шилжих боломжгүй. Манай ажлын хэсгийн үзэж байгаагаар, эхний ээлжинд асуудлуудаа тодорхой шийдэж явтал гэрээнүүд хийгдэхгүй. Хоёрдугаарт, Онтрэ-тэй холбоотой асуудалд Монгол улс тусад нь хөрөнгө оруулалтын гэрээ хийх ёстой гэсэн хатуу байр суурьтай байна. Лиценз шилжих асуудалд Монгол улс оролцох ёстой... Олон улсын Арбитрын шүүхийн шийдвэр дээр лицензтэй холбоотой хэсэг дээр Монголын хууль тогтоомжийг дагана гэсэн байгаа. Шийдвэр ингэж гарсан тул энд эрсдэл байхгүй гэж ойлгох ёстой. Иймд татварын байгууллага, лицензийн асуудал эрхэлсэн төрийн агентлаг болон манай салбарын яамнаас энэ лицензүүдийг шилжүүлэх асуудал байхгүй гэж ойлгож болно" гэж мэдэгдлээ.

Оюутолгойн асуудлаар дөрвөн чиглэлд Монгол улсын Засгийн газар хэлэлцээр хийхээр ажиллаж байна. Энэ удаад манай улс урьдны алдаагаа давталгүй, “нэг цонх”-ны бодлогоор буюу нэгдсэн зохион байгуулалт, удирдлагатайгаар хэлэлцээрт орохоор ажиллаж байгааг сайд онцоллоо. Тодруулбал салбарын яамнаас гадна Оюутолгой компанид Монголын талыг төлөөлж буй гурван гишүүн, Эрдэнэс Монгол, Эрдэнэс Оюутолгой компани, ЗГЭХГазар, ХЗДХЯам, Сангийн яам зэрэг төрийн бүтцийн байгууллагууд нэгдсэн бодлого, удирдлагатайгаар зохион байгуулалтад орж ажиллаж байна. Монгол улсад нэн шаардлагатай байгаа асуудлуудыг тэргүүн эгнээнд, ирээдүйд богино болон дунд хугацаандаа үр өгөөж авчрах асуудлуудыг эрэмбэлэх дарааллаар ажиллаж байгаа ажээ. Хэлэлцээрийн үр дүнд монголчуудад, ард түмэнд, баялгийн санд илүү их үр өгөөж очих ёстойг сайд онцоллоо.