О. Дөлгөөн
АНУ-ын цөмийн цахилгаан станцууд ирэх арван жилд ураны нийлүүлэлтийн хомсдолд орох эрсдэлтэй гэж АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн төв (EIA) анхаарууллаа. Өнгөрсөн жил ураны үнэ огцом өссөн нь цахилгаан станцуудыг шинэ гэрээ байгуулахаа хойшлуулахад хүргэсэн байна. Ихэнх ураны нийлүүлэлтийг урт хугацааны гэрээний дагуу зохицуулдаг бөгөөд зөвхөн 10 орчим хувийг богино хугацааны “спот” зах зээлээс худалдан авдаг.
EIA-гийн тооцоогоор ирэх арван жилд нийлүүлэлтийн дутагдал нийт 184 сая фунт буюу гурван жилийн хэрэглээтэй дүйцэх хэмжээтэй болох төлөвтэй байна. Хэрэв урт хугацааны гэрээ байгуулах боломж хангалтгүй байвал станцуудыг ажиллуулахын тулд богино хугацааны хэлцэл хийх шаардлагатай болно.
ОХУ өнгөрсөн жил ч АНУ-ын гол уран нийлүүлэгч хэвээр байсаар ирсэн. Гэсэн ч энэ оны 5 дугаар сараас баяжуулсан ураны импортыг хориглосон. АНУ-ын Эрчим хүчний сайд Райт Bloomberg-т ярилцлага өгөхдөө: “Бид цаашдаа Оросын баяжуулсан уран ашиглахгүй байхаар төлөвлөж байна. АНУ илүү том нөөц бүрдүүлэх хэрэгтэй” хэмээжээ.
2024 онд Байдены засаг захиргаа хэрэглэгч компаниудыг 2028 он гэхэд Оросын нийлүүлэлтээс татгалзахыг шаардсан хууль баталсан. Үүний хариуд, зургаан сарын дараа ОХУ баяжуулсан ураны экспортоо түр хязгаарласан. Үүний дараа АНУ 5 дугаар сард дэвшилтэт реактор болон түлшний үйлдвэрлэлийг түргэвчлэх чиглэлээр захирамж гаргасан байна.
EIA-гийн тайлан энэ онд анх удаа хоцорч гарсан нь Трампын засаг захиргааны үеийн томоохон ажилтны цомхтголтой холбоотой. Тус байгууллагын 350 ажилтнаас 100 гаруй нь төрийн үр ашиг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд ажлаасаа гарсан юм.
Эх сурвалж:Mining.com