Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Алтны үнэ дээд амжилт тогтоолоо

О. Дөлгөөн

Алтны үнэ даваа гарагт /2025.09.29/ анх удаа унц нь 3,800 ам.доллараас давж, түүхэн дээд түвшинд хүрлээ. Энэ нь АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа түр зогсож болзошгүй нөхцөл байдалтай холбоотойгоор хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгө болох алт руу хошуурч байгаатай холбоотой юм.

Алтны спот ханш 1.7%-иар өсөж, унц нь 3,831 ам.долларт хүрсэн нь өмнөх дээд ханшнаас 50 орчим ам.доллараар өссөн үзүүлэлт болов. Нью-Йоркийн фьючерсийн арилжаанд алт 1.2%-иар өсөж, 3,860 ам.долларт хүрчээ.

АНУ-ын Конгрессын удирдагчид болон Ерөнхийлөгч Дональд Трампын уулзалтыг зах зээл анхааралтай ажиглаж байна. Учир нь 9 дүгээр сарын 30-наас өмнө төсвийн санхүүжилтийн хугацаа дуусч байгаа бөгөөд улс төрийн тодорхойгүй байдал нь долларыг 0.3%-иар сулруулж, үнэт металлын эрэлтэд түлхэц болжээ.
“Засгийн газар хаагдах эрсдэлээс үүдсэн аюулгүй хөрөнгийн эрэлт нь алтны үнийн өсөлтийн гол хүчин зүйл болж байна” хэмээн  “High Ridge Futures” фирмийн металлын арилжаа эрхэлсэн захирал Дэвид Мегер тайлбарлав.

Энэ онд алтны үнэ нийт 45%-иар өсч, дараалан гурав дахь улиралдаа өсөлттэй хаахаар байна. Goldman Sachs банк алтны үнэ 5,000 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байгаа бол JPMorgan банк бүр 6,000 ам.долларт хүрч болзошгүй гэж мэдэгджээ.

Mining.com