Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

МОНГОЛЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИН РУУ ӨНГИЙХҮЙ

О.Дөлгөөн

Манай улс байгалийн баялаг ихтэй, хөрөнгө оруулалтын хувьд “frontier market” буюу эрсдэл өндөр ч ашигтай боломж ихтэй зах зээлд багтдаг. Уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуй, франчайз салбарууд хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татдаг хэдий ч гадаад эдийн засгийн савлагаанд маш мэдрэмтгий байдаг нь хөрөнгө оруулалтын орчны сул тал болдогийг нуух юун.

Түүнчлэн, хууль эрх зүйн орчин бүрхэг, шүүхийн шийдвэр гаргалт, хэрэгжилт удаан, төрийн байгууллагууд хууль тогтоомжийг тогтмол зөрчдөг, татварын маргаан, төрийн өмчит компаниудыг хувийн компаниас давуу эрхтэйгээр үздэг хандлага нь хувийн хэвшлийнхнийг багагүй саатуулдаг. 2024 онд баталсан Баялгийн сангийн тухай хуулиар Стратегийн ордын хувь эзэмшлийг 34 хувиар хязгаарлаж,  төрд үнэ төлбөргүй шилжүүлэх заалт оруулсан нь хөрөнгө оруулагчдыг үргээсэн гэхэд хилсдэхгүй. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга одоог хүртэл батлагдаагүй хэлэлцүүлгийн шатанд байгаа нь зах зээлийн итгэлцэлд сорилт учруулж байна.

Өнгөц харахад гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй мэт боловч тодорхой хязгаарлалт, эрх зүйн бэрхшээлтэй хөрөнгө оруулалтын орчныг санал болгодог. Гадаадын хөрөнгө оруулагч 25%-иас дээш хувь эзэмшихийн тулд хамгийн багадаа 100,000 ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай байдаг бол Монголын хөрөнгө оруулагчдад ийм доод босго үгүй. 

Зарим салбарын онцгой хязгаарлалтууд нь ГХО-ын орчныг улам төвөгтэй болгож байна. Уул уурхай, эрчим хүч, тээврийн салбарт гадаадын оролцоог хязгаарлах хууль эрх зүйн зохицуулалт бий. Түүнчлэн “стратегийн орд”-ын хувьд Засгийн газар 50 хүртэлх хувийг авах эрхтэй бөгөөд 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төр нь эдгээр төслөөс “давуу ашиг” хүртэх ёстой гэж заасан ч үүний агуулгыг тодорхойлоогүй нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулдаг. Бизнесийн орчны бодит нөхцөл нь хуульд заасан хугацаанаас хол хазайж байна. Гадаадын хөрөнгө оруулагчид бизнесээ бүртгүүлэхдээ цаасан материал өгөх шаардлагатай байдаг бол Монголын компаниуд цахимаар бүртгүүлэх боломжтой. Хуулиар хоёр хоногт шийдэх ёстой процесс бодит байдал дээр албан тушаалтнуудын дур мэдэн саатаж, долоо хоногоос сараар сунжирдаг. Мөн бизнесээ татан буулгах үйл явц нь маш хүндрэлтэй, дунджаар 1.5–2 жил зарцуулдаг.

Хэдийгээр төр хөрөнгө оруулалтыг дэмжихээ байнгын зарладаг ч бизнесийн орчны бодит нөхцөл нь удаашралтай, хүнд суртал давамгайлсан хэвээр байна.

Чөлөөт бүсийн бодлого ба бодит гүйцэтгэл

Монгол Улс 2004 оноос чөлөөт бүсийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн ч бодит үр дүн нь одоогоор хангалтгүй байна. Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуур гэх гурван бүс идэвхгүй хэвээр байгаа нь үүний жишээ юм. Зүүн өмнөд хил дээрх Замын-Үүдийн чөлөөт бүсэд дэд бүтцийн ажил (зам, эрчим хүч) хийгдэж, үйлдвэрлэл, худалдааг татах оролдлого хийж байгаа хэдий ч бодитой бизнесийн үйл ажиллагаа төдийлөн хөгжөөгүй байна. Мөн Улаанбаатарын шинэ нисэх буудлын ойролцоо “Тусгай эдийн засгийн бүс” байгуулж, хотын дэргэдэх дагуул хот хөгжүүлэхээр төлөвлөж байгаа нь бодлогоор дэмжиж буй шинэлэг санаачилга боловч үр дүн нь хараахан тодорхой бус.

Хөрөнгө оруулалтын гүйцэтгэлд нөлөөлөх шаардлага, журмын талаарх бодит байдал нь зарим талаараа “далд” хязгаарлалтуудыг бий болгож байна. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдаас заавал дотоодоос бараа, үйлчилгээ авах, хувьцаагаа дотоодын зах зээлд гаргах зэрэг шаардлага тавьдаггүй ч лиценз сунгах, зөвшөөрөл олгох үед зарим албан тушаалтнууд дотоодоос худалдан авалт хийхийг шахдаг. Гадаад ажилчдад виз олгохдоо эхлээд Монгол хүн ажиллуулах боломж байгаа эсэхийг шалгадаг бөгөөд санхүүгийн мэдээллийг дотоодын сервер дээр хадгалах шаардлага байдаг нь заримдаа бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл үүсгэдэг.

Товчхондоо, чөлөөт бүсийн бодлого олон жил яригдаж байгаа ч идэвхгүй бөгөөд бодит үр дүн нь хараахан гарч чадаагүй. Мөн хуулиар заавал тулгадаггүй ч, төрийн байгууллагууд зарим шаардлагыг “далд” хэлбэрээр хэрэгжүүлдэг нь хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна.

Үл хөдлөх, оюуны өмч, санхүүгийн салбар дахь хөрөнгө оруулалтын орчин

Үл хөдлөх хөрөнгийн эрхийн хамгаалалт харьцангуй тодорхой бус байна. Газар өмчлөх эрх зөвхөн Монголын иргэдэд ногдож, компаниуд ч эзэмших эрхгүй байдаг. Гадаадын хөрөнгө оруулагчид зөвхөн барилга, байгууламж эзэмших, газар ашиглах эрх авах боломжтой. Гэвч 2024 онд хөрөнгө оруулагчдад газар ашиглах эрх олгох “хууль зүйн цоорхой” заалтыг хүчингүй болгосноор эрх олгох процесс бүрхэг болж, төв бүртгэл байхгүйгээс газар ашиглах эрх зөрчилдөх, маргаан үүсэх эрсдэл өндөр хэвээр байна. 

Оюуны өмчийн салбарт хууль эрх зүйн зохицуулалт байгаа ч хэрэгжилт сул байна. АНУ-ын кино, дижитал контент хамгаалагддаг хэдий ч төрийн байгууллага, хэрэглэгчид пират програм хангамж өргөн хэрэглэдэг. Эмийн патент бараг хамгаалагддаггүй, зөвхөн барааны тэмдэг хуулиар хамгаалагддаг бөгөөд хуурамч хувцас, сэлбэг бүтээгдэхүүний дэлгүүрүүд чөлөөтэй үйл ажиллагаа явуулж, эрх эзэмшигчид гомдол гаргахгүй бол төр хөөцөлддөггүй. 2024 онд шинэ Оюуны өмчийн тухай хууль гараагүй ч хиймэл оюун ухааны нөлөөллийг судлах ажил эхэлсэн. Зөрчил нь 14,350 ам.доллароос дээш бол эрүүгийн хэрэг, бага бол захиргааны арга хэмжээ авдаг ч хэрэгжилт хангалтгүйгээс пират болон хуурамч бүтээгдэхүүн Монголд түгээмэл хэвээр байна.

Санхүүгийн салбарын хувьд, хөрөнгийн зах зээл хөгжөөгүй, дериватив, фьючерс бараг байхгүй. 2021 оноос хөдөө аж ахуй, уул уурхайн бүтээгдэхүүний биржүүд нэвтрүүлсэн ч бүрэн үр дүнтэй ажиллахгүй байна. 2022 оны “Виртуал хөрөнгийн тухай хууль”-ээс болж крипто зах зээл унасан нь эрх зүйн орчны тодорхойгүй байдлыг харуулж байна. Банкны систем таван том банк (Хаан, ТДБ, Хас, Голомт, Төрийн банк)-д төвлөрч, нийт хөрөнгийн ойролцоогоор 80%-ийг эзэлдэг. Төв банк макро зохицуулалт сул, жижиг банкуудыг хаалгүй ажиллуулдгаас системийн эрсдэл дагуулж байна. Гадаадын иргэд хууль ёсны оршин суугч бол банкны данс нээж болох ч, 2021 оны хуульд нэг этгээд банкны 20%-иас дээш хувь эзэмшихийг хориглосон заалт бодитоор хэрэгжээгүй.

Хөдөлмөрийн зах зээлд мэргэжлийн ажиллах хүчний хомсдол архаг хэвээр байна. 2024 оны албан ёсны ажилгүйдэл 5.3% буюу 75.3 мянган хүн боловч энэ нь зөвхөн хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн тоо бөгөөд бодит ажилгүйдэл илүү өндөр байх магадлалтай. Гадаад ажилчид 104 улсаас 8,025 хүн албан ёсоор бүртгэлтэй бөгөөд уул уурхай, боловсрол, худалдаа, барилгын салбарт төвлөрдөг.

Монгол Улс хөрөнгө оруулалт татах зорилгоор бодлого, хуулиа шинэчилж байгаа хэдий ч хэрэгжилт сул, хууль тогтоомжийн тодорхойгүй байдал, төрийн хүнд суртал нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж, эрсдлийг нэмэгдүүлж байна. Газар, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн зах зээл, хөдөлмөрийн зах зээлд тулгарч буй эрсдлүүд нь хөрөнгө оруулалтын орчныг тогтворгүй, бодитойгоор үнэлэхэд төвөгтэй болгож байгаа нь Монголын эдийн засгийн хөгжлийн бодлогын том сорилт болж байна.

Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл(2025)