Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Т.МӨНХБАТ: ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ КОМПАНИУДЫН ӨРГӨДЛӨӨР ОЛГОХ НЬ ЭНЭ САЛБАРЫГ ДЭМЖИХ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДЭЛ

Гэрэл зургийг Б.Рэнцэндорж /ГАММА/

Монголын Геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн тэргүүн Т.Мөнхбаттай геологи хайгуулын салбарын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

- Танай холбоо ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

Геологийн мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон холбоод нэгдэж, 2020 онд Монголын Геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийг байгуулсан. Анх 1996 онд Монголын геологийн холбоо гэсэн нэг холбоо ажиллаж байсан бол сүүлийн 20-иод жилд геологийн чиглэлээр олон холбоо болж задарсан.

Монголын геологийн холбоо, Монголын гидрогеологичдын холбоо, Монголын геофизикчдийн холбоо, Монголын гео экологийн холбоо, Эрдэнийн чулууны холбоо, Дорнод Монголын хайгуулчдын холбоо зэрэг 20 холбоо хамтарч төр засаг, бодлого боловсруулагчдад дуу хоолойгоо хүргэж байхын тулд нэгдсэн зөвлөл байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Нэгдсэнээр салбарын ТББ, мэргэжлийн холбоодын байр суурь, саналыг бодлогын яаманд хүргэх, Ашигт малтмал, газрын тосны газраас салбарын журмуудыг шинэчлэхэд манай нэгдсэн зөвлөл дуу хоолойгоо хүргэх нь салбарын үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж байна.

- Монголд хайгуулын салбар олборлолтоосоо хэд дахин хоцрогдолтой явж байгааг салбарын сүүлийн гурван сайд дуу нэгтэй хэлж байна. Энэ байдал геологийн салбарт ямар нөлөө үзүүлж байна вэ? Хайгуулын салбарын хоцрогдлыг яаж нөхөх вэ?

Эрэл хайгуул, геологийн судалгааны ажил бусад салбараасаа түрүүнд нь явж, газар дор ямар баялаг, нөөц байгааг урьдчилан судалж үр дүнгээр тогтоогдсон ашигт малтмалуудад үндэслэн дараагийн ажлуудыг төлөвлөдөг. Томоохон аж үйлдвэр, суурин газруудыг бүтээн байгуулахын өмнө барилгын материалын судалгааг түрүүлж хийгээд, хаана нь юу, ямар хэмжээ нөөцтэй байгааг, хэдэн жил ашиглах боломжтой зэргийг тогтоодог учир геологийн салбар түрүүлж явах ёстой юм. Геологийн тэр судалгаа, тооцоололд үндэслэн бусад салбар нь хөгждөг. Ашигт малтмалгүй гэсэн газруудад барилга, дэд бүтэц, үйлдвэр, хот суурин, бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөдөг.

- Хайгуул нь олборлолтоосоо хоцрох эхлэл хэзээнээс тавигдсан бэ? 1990 оноос өмнө Монголд энэ бодлого ямар түвшинд хэрэгжиж байв?

Миний хувьд 1990 оноос эхлэн геологич мэргэжлээрээ ажиллаж байна. 1990 оноос өмнө төрөөс геологийн салбарт ач холбогдол өгч, их хэмжээний хөрөнгө гаргаж, төлөвлөгөөтэй ажиллаж байв. Монгол Улсын тухайн үеийн 18 аймгийн нутаг дэвсгэрт суурь судалгааг сайн явуулж байсан. Үүний үр дүнд аймгууд, төв суурин газрууд, Улаанбаатар хотыг хөгжүүлэх, улсын эдийн засгийн өсөлтөд шаардлагатай барилгын материал, алт, нүүрс, зэс, хар тугалга, жоншны орд газруудыг илрүүлж нөөцийг нь бүртгэж ирсэн. Нэгдсэн бүртгэл цэгцтэй хийгдэж ирсэн учир 1990 он гарахад ашигт малтмалын тодорхой хэмжээний ордуудыг ашиглалтанд оруулахад их дэм болсон. Тэдгээр судалгаанд суурилж манай улсын эдийн засаг их тэлсэн.

Гэвч тэр судалгаанууд томоохон хөрөнгө оруулагчдын сонирхол татахуйц хангалттай түвшний мэдээлэлтэй байгаагүй тул нэмж нарийвчилсан судалгааны ажлууд, хайгуул гүйцэтгэх шаардлагууд тулгарсаар байна.

Жишээлбэл, Социализмын үед Тавантолгойн нүүрсний ордыг нээсэн ч тухайн үед коксжих нүүрсний үнэ хямд, Хятад улсад ч аж үйлдвэр төдийлэн хөгжөөгүй, бүтээн байгуулалт нь эхлээгүй байсан учир энэ ордыг тухайн үед ашиглаж эхлээгүй юм.

Хэдийгээр суурь судалгаа өргөн хэмжээнд хийж байсан боловч нэмэлт судалгаа шаардлагатай ордуудад хайгуул хийхэд 1997 оны Ашигт малтмалын тухай хууль гол хөшүүрэг болсон. Энэ хууль батлагдсанаар 1997-2005 он хүртэлх 7-8 жилд Австрали, Канад зэрэг гуравдагч орнуудын хөрөнгө оруулагчид хайгуулын тусгай зөвшөөрөл авч, гадаадын шууд хөрөнгө оруулалт маш их идэвхжсэн.

Түүнийг дагаж хайгуулын олон төрлийн шинэ технологи, тоног төхөөрөмжүүд нэвтэрсэн. Гуравдагч орны хөрөнгө оруулагчид социализмын үед нөөц нь тогтоогдсон зарим ордод хөрөнгө гарган нэмэлт хайгуул хийж, зарим орд газруудыг нэмж нөөцийг баталгаажуулж, шинэ нээлтүүдийг хийж эхэлсэн.

Тухайлбал, Говийн нүүрсний ордуудыг олон улсын нөөцийн ангиллын стандарт болох зүүн өмнөд Ази, Австралийн ЖОРK /JORC/ стандартад шилжүүлэн нөөцийн нарийвчлалын зэргийг ахиулж санхүүжилт татаж нөхцөлүүдийг сайжруулах ажлууд хийгдсэн. Тэр нь Хөрөнгийн биржид бодитоор хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн. Ингэснээр Монголын зарим орд газар олон улсын Хөрөнгийн биржид гарч, үнэ цэнд хүрч эхэлсэн түүхтэй.

Энэ ажлыг ихэвчлэн гуравдагч орны хөрөнгө оруулагчид хийсэн юм.

Нэг жишээ хэлэхэд, 2011 онд Гурван тэсийн ордод “South Gobi Sands” компани хайгуул, судалгааг нь гүйцээж хийснээр Торонтогийн Хөрөнгийн биржид гаргасан компаниа Хятадын компанид худалдах болоход тухайн үеийн УИХ, Засгийн газар зогсоосон. Баяжуулах, боловсруулах үйлдвэр барих зэрэг нэмэлт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байсан тул дараагийн хөрөнгө оруулагчид шилжүүлэх болоход нь Засгийн газар хориг тавьсан. Энэ шийдвэр нь манай улсын хайгуулын салбарт хөрөнгө оруулалт зогсох эхлэл болсон. Мөн тухайн үеийн Ерөнхийлөгчийн шийдвэрээр хайгуулын зөвшөөрлийг олгохыг хориглосон 2011-2012 оноос хойш Монголд хайгуулын салбар сэргээгүй өнөөг хүрлээ шүү дээ.

- Манай улсын хувьд геологийн салбарын боловсон хүчний нөөц ямар байна вэ?

Социализмын үед Зүүн Европ, ЗХУ болон МУИС, Политехникийн дээд сургуулийг төгсөж бэлтгэгдсэн мэргэжилтнүүд болон тэдний залгамж үеийнхэн геологийн салбарт ажиллаж байна. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш МУИС, ШУТИС голлон мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Дээд сургууль төгссөнөөс хойш хөдөө хээр ажиллаж, мэргэжлийн мэдлэг, туршлагаа бататгаж байж илүү сайн мэргэшнэ. Ийм байдлаар манай салбарын мэргэжилтнүүд бэлтгэгддэг. Сүүлийн 10 гаруй жилд гуравдагч орнуудад бакалавр болон магистрын зэрэг хамгаалах геологичдын тоо нэмэгдсээр байгаа. Гэхдээ хангалттай гэж хэлэхгүй.

Учир нь салбар уналтад ороход мэргэжлийн хүмүүс олноор ажилгүй болж, өөр салбар руу ордог. Эргээд салбар сэргэх үед мэргэжлийн хүмүүс нь байхгүй, боловсон хүчний дутагдалд ордог эрсдэл геологийн салбарынханд их тохиолддог. Салбар уналттай байхад энэ мэргэжлийг залуус төдийлэн сонгодоггүй учир тэр хугацаанд энэ салбарт шинэ мэргэжилтнүүд хангалттай бэлтгэгдэж амждаггүй.

- Засгийн газар болон салбарын яамнаас геологийн салбарт хөрөнгө оруулалт хийж, хайгуулын ажлыг эрчимжүүлэхээ илэрхийлсэн. Энэ ажлыг эхлэхдээ юуг анхаарах шаардлагатай вэ?

1990 он гарснаас хойш геологийн салбарын төрийн бодлого маш их алдагдсан. Хайгуулын салбарт жил бүр тогтвортой хөрөнгө оруулалт хийх ажлыг доголдуулсаар өнөөг хүрсэн.

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтаас ихээхэн хамааралтай. Үнэ унахад эдийн засаг уналтад ордог цикл дунд явсаар ирлээ.

Уул уурхайн бүтээгдэхүүнээс олох орлогыг тогтвортой түвшинд байлгах, эдийн засгаа тэлэх, бусад салбараа жигд хөгжүүлэхийн тулд геологийн салбарт хийх эрэл хайгуулын ажлыг тууштай дэмжиж, төсвийг нь нэмж, дэмжих шаардлагатай юм. Тэр дэмжлэг дутагдсанаас энэ салбар уналтад орсон. Дээр нь геологи хайгуул, уул уурхайн талаар ойлголт хангалтгүй иргэдийг өөр ашиг сонирхлоо хэрэгжүүлэхийн тулд буруу ташаа мэдээллээр хангадаг зэрэг нь уналтад нөлөөлсөн гэж болно. Геологийн салбарт хийх хөрөнгө оруулалтыг зөвхөн уул уурхайн салбарт гэж харах нь учир дутагдалтай юм.

Геологийн салбар шинжлэх ухааны үндэслэлээр аж ахуй, үйлдвэрлэл, амьдралд хэрэгцээтэй суурь мэдээллийг бэлддэг юм. Ашигт малтмал илэрвэл үргэлжлүүлэн судалж, нөөц тогтоох баталгаажуулах гээд нарийн судалгаа, тооцооллууд нэмж хийдэг. Эдийн засгийн үр ашиггүй бол түүнийг нь мөн л тодорхойлдог.

- Монгол Улсын нийт газар нутгийн хэдэн хувьд геологийн хайгуул судалгаа хийсэн байдаг вэ?

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 20 орчим хувь нь хайгуул хийхэд зөвшөөрөгдсөн байна. Газар нутгийн 80% нь дархан цаазтай, байгалийн цогцолбор газар, тусгай хэрэгцээний газар гэх мэтээр хайгуулд хаалттай болгосон. Хувийн хэвшлийнхэн хамгаалалтад авсан газар нутагт хайгуул хийх боломжгүй. Харин улсын төсвийн санхүүжилтээр зарим газарт хайгуул хийж байна. Гэхдээ нэгэнт хамгаалалтад авсан газарт улсын төсвөөр хайгуул хийж байгаа нь төсвийг үр ашиггүй зарцуулж буй тод хэлбэр.

- Ашигт малтмал, газрын тосны газраас өнгөрсөн хавраас эхлэн хайгуулын судалгаа хийх талбайг зарлаж, ААН-үүдийг сонгон шалгаруулалтад орж хөрөнгө оруулалт хийхийг уриалсан. Энэ боломжийг компаниуд хэр зэрэг ашиглаж байна вэ?

АМГТГ-аас өнгөрсөн 4 дүгээр сараас эхлэн сард 10-20 хайгуулын талбай зарлах байдлаар сонгон шалгаруулалт явуулж байна. Тухайн компани нь зах зээлд хэрэгцээ нэмэгдэж буй эрдэс түүхий эдийг судлаад тэр чиглэлийн хайгуул хийхээр өргөдөл гаргаж, талбайгаа сонгох ёстой юм. Өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа нь энэ салбарыг цаашлаад эдийн засгийг сууриар нь уналтад оруулаад байна л даа. Гадны хөгжингүй орнууд хайгуулын зөвшөөрлийг өргөдлөөр олгодог аргыг хэдэн зуун жилийн турш хэрэглэж л байна.

Харамсалтай нь Үндэсний геологийн албанаас бэлдэн гаргаж, сонгоноор олгож байгаа хайгуулын талбайнууд хайгуул хийхэд үндэслэл муутай буюу сонирхол татахуйц биш байгаа нь улсын хэмжээнд хориглосон газар, талбайн хэмжээ хэт их болсонтой холбоотой юм. Тусгай зөвшөөрлийг гадны хөрөнгө оруулалттай компаниуд мөнгөөр цохиж авдаг. Монголын геологичид гадны компанийн бичиг баримтуудыг бүрдүүлж өгөх ажлыг л хийж байна. Нэг талаас нээлттэй ил тод ажиллаж байгаа гэх ч энэ нь гадны компанид илүү боломж олгож байна. Дотоодын ААН-үүдээ дэмжихгүй байгаа нь ирээдүйг маш бүрхэг болгож байна.

- Тэгэхээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өргөдөлд үндэслэн олгодог байсан хуучны зохицуулалтыг Та зөв гэх гээд байна уу?

Тийм ээ. 1997 оны Ашигт малтмалын тухай хуульд ийм зохицуулалт байсан. Энэ зохицуулалтын дагуу 2006 оныг хүртэл ажиллахад Монголд геологи хайгуулын салбар идэвхжсэн. Эндээс олон орд нээгдсэн. Гэвч гадаадын хөрөнгө оруулагчид Монголын баялгийг хувааж идэж байна гэдэг "тархи угаалт" өндрөө авч, улстөрчид, иргэний байгууллагууд ч олон нийтэд буруу ойлголт өгсөн. 

Тэр үед нь арай ийм байдалд хүрнэ гэж төсөөлөөгүй тул бид салбараа хангалттай ойлгуулж, таниулаагүйгээс өнөөдрийн уналтад хүрсэн. 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийг шүүмжлэгчид их байдаг. Энэ бол түүхэн үүргээ гүйцэтгэсэн хууль. Цаг хугацааны явцад хуулиа илүү сайжруулж, мөрдөөд явах хэрэгтэй байв. Гэтэл манайхан сайн байсан хуулиа улам дордуулсаар одоо ямар ч гаргалгаагүй, гацаанд орчихоод байгаа мэт сууж байна.

- Төрөөс энэ онд хайгуулын салбарт хэдий хэрийн хөрөнгө төсөвлөсөн бэ?

2026 оны улсын төсөвт Монгол Улсын геологийн судалгааны ажилд 42 тэрбум төгрөг төсөвлөсөн байх. Гэвч төсвийн тодотголын явцад хайгуулын төсвийг 10 тэрбум төгрөг болгож бууруулах яриа сонсогдож буй. Төсвийн хэмнэлт хийж болно. Гэхдээ хайгуулын салбарт хөрөнгө оруулалт хийхгүй л бол 5-10 жилийн дараа Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтэнэ гэсэн үг. Улс геологийн судалгаандаа хөрөнгө төсөвлөж, судалгааг нь жил жилээр ахиулаад явбал тэр мэдээлэлд нь түшиглэж хийгдэх хөрөнгө оруулалтууд хэдэн арав дахин нэмэгддэг учиртай. 

Геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулахын тулд тухайн улс суурь судалгаагаа хэр зэрэг хийсэн бэ гэдгийг хардаг. Тэр судалгаа нь 1990 оноос өмнөх биш, сүүлийн үеийнх байвал илүү чанартай болж, хөрөнгө оруулалт хийх итгэл найдлага төрнө. Энэ суурь судалгааны ажлыг хийхгүй бол дараа дараагийн орлого буюу шинэ орд газар нээгдэхгүй, хуучин ордуудын нөөц дуусаад яах вэ? гэдэг асуулт гарна, ер нь бол хямрал ирнэ л гэсэн үг.

Жишээлбэл, зэсийн их хэмжээний нөөцтэй том орд нээхийн тулд дунджаар 10-15 жил хайгуул хийнэ. 10 гаруй жил бүтээн байгуулалтын ажил үргэлжилнэ. Тэгэхээр эдийн засагт нөлөөлөх хэмжээний том орд нээхэд 15-25 жилийн хугацаа орно. Бусад төрлийн ашигт малтмалын том орд нээгээд ашиглахад ч мөн адил ойролцоогоор ийм хэмжээний хугацаа шаардлагатай.

- Монгол Улсын экспортын орлого, эдийн засаг бүхэлдээ уул уурхайн хэдхэн нэр төрлийн бүтээгдэхүүн дээр тогтож байна. Зах зээлд үнэ өсөхөд улсын эдийн засаг сэргэдэг, унахад эдийн засаг хямардаг байдлаас гарах ямар шийдэл харагдаж байна вэ?

Эдийн засгаа тогтвортой хөгжүүлэхийн тулд одоо ашиглаж буй ашигт малтмалуудаас гадна бусад шинэ төрлийн ашигт малтмалыг хайж, нөөцийг нь тогтоож, тэр чиглэлийн үйлдвэр уурхай байгуулах хэрэгтэй. Манай экспортын гол түүхий эдийн нэг нүүрсний үнэ унахад бусад бүтээгдэхүүн бэлэн байвал эдийн засагт савлагаа үүсэхгүй, тогтвортой өсөлтөө хадгалж явна гэсэн үг.

Ийм боломжийг бүрдүүлэхийн тулд жишээлбэл, газрын ховор элементүүд, бал чулуу, поли металл, молибден, фосфорит, хөнгөн цагааны орд зэрэг шинэ төрлийн ашигт малтмалуудад анхаарч, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна л даа. Түүний тулд эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.

Хайгуул хийж нөөц илрүүлсэн ААН нь цаашид тэр талбайгаа эзэмшиж, ашиглаж хөгжүүлэх эрхүүдийг хуулиар хамгаалж, баталгаажуулж өгөх нь бас чухал байна. Геологийн салбарт технологи хөгжиж, хайгуулын ажлыг харьцангуй богино хугацаанд хийх боломж нээгдсээр байна. Манай улс хайгуулын ажлыг хязгаарлах нь энэ салбарт өндөр технологи нэвтрэх, хөгжих боломжийг ч мөн адил хязгаарлаж байгаа юм.