УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.09.29/ хуралдаанаар “Онтрэ” компанийн хөрөнгө оруулалтын гэрээ, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг хэлэлцэж буй.
Онтрэ компанийн гэрээтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Оюутолгойн хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал танилцуулга хийв. Түүний хэлснээр, Онтрэ компанийн эзэмшлийн “Жавхлант”, “Шивээ толгой” ордууд нь Оюутолгойн стратегийн бүлэг ордын хил заагт байрлаж буй тул Монголын хууль тогтоомжид нийцүүлэх шаардлагатай. Мөн Оюутолгойн дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасан зээлийн хүүг бууруулах боломжит хугацаа 2025 оны 12 дугаар сарын 31-нд дуусч байгаа учраас Засгийн газар энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай хэмээн онцоллоо.
Оюутолгойн зээлийн хүү өнөөдөр хамгийн их анхаарал татаж байна. 2009 онд төслийн эрсдэл өндөр үед 11.1 хувийн хүүтэйгээр авсан зээл одоо эрсдэл бараг тэг болсон байхад ижил өндөр хүүтэйгээр үргэлжилж байгаа нь олон улсын жишгээс багагүй зөрүүтэй. Тухайлбал, Рио Тинто олон улсын зах зээлээс 4–5 хувийн хүүтэй зээл авч байж, Оюутолгойгоор дамжуулан хоёр дахин өндөр буюу 11.1 хувийн хүү тогтоож байгаа нь ноцтой дарамт үүсгэж байна.
Сүүлийн 16 жилийн хугацаанд Оюутолгойд нийтдээ 26 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэнээс 20 тэрбумыг нь зээлээр санхүүжүүлжээ. Энэ зээлийн 6.1 тэрбум ам.доллар нь Рио Тинтогоос авсан бөгөөд өнөөдөр хүүгийн хуримтлал нь анхны зээлийн хэмжээг давж, 12 тэрбум ам.долларт хүрээд байна. Өөрөөр хэлбэл, төлөх ёстой зээлийн талаас илүү нь зөвхөн “хүүгийн хүү” болж хуримтлагджээ.
Эдийн засгийн хувьд ийм нөхцөл байдал Монгол Улсад ногдох өгөөжийг улам хойшлуулж, төсөлтэй холбогдох улс төрийн маргааныг ч гүнзгийрүүлэх эрсдэлтэй. Онтрэ компанийн хөрөнгө оруулалтын гэрээг зөв зохицуулалттайгаар шийдвэрлэх, түүнчлэн зээлийн хүүгийн асуудлыг 2025 оны хугацаа дуусахаас өмнө бодитой шийдвэрлэж бууруулах нь Монголын талд томоохон сорилт болоод байна.
Эх сурвалж: Монгол Ардын Намын Бүлэг