Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Zijin Mining дэлхийн гурав дахь том уул уурхайн компани болов

О. Дөлгөөн

2025 оны 9 дүгээр сарын 25-нд Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Хятадын Zijin Mining Group (HKG: 2899) компани анх удаа $100 тэрбумын үнэлгээг давж, зах зээлийн үнэлгээгээр дэлхийн уул уурхайн гурав дахь том компани болжээ.

Ингэснээр Zijin нь BHP ($140 тэрбум), Rio Tinto ($111 тэрбум)-ын дараа бичигдэж, урьд нь гуравдугаарт жагсаж байсан Glencore ($53 тэрбум)-ыг ардаа орхилоо. Шанхайн хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцаа түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрснээр үнэлгээ нь 732 тэрбум юань ($103 тэрбум) болсон байна.

Zijin-ийн зах зээлийн өсөлт нь дэлхийн алтны үнэ түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрсэн, зэсийн үнэ ч 2025 онд дээд амжилт тогтоож буйтай шууд холбоотой. Энэ хоёр металлын борлуулалт дангаараа компанийн эхний хагас жилийн орлогын 77%-ийг бүрдүүлсэн байна. 2025 онд хувьцааны ханш хоёр дахин өссөн нь түүхэн дэх хамгийн эрчимтэй өсөлтөд тооцогдож байна.

Нэг уурхайгаас дэлхийн тоглогч хүртэл

1980-аад онд геологич Чэн Жинхэгийн санаачилгаар байгуулагдсан Zijin анх жижиг алтны уурхайгаас эхэлж, өнөөдөр олон улсад үйл ажиллагаа явуулдаг аварга компани болжээ. Сүүлийн жилүүдэд тус компани Сербийн хамгийн том зэсийн уурхай, Казахстаны Raygorodok алтны уурхай, Ганын Akyem алтны уурхай зэрэг стратегийн ордуудыг өөрийн багцад нэмж, нөлөөгөө өргөжүүлсэн байна.

Zijin ирэх долоо хоногт Зijin Gold International Co. нэртэйгээр олон улсын алтны бизнесээ Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү IPO нь $3.2 тэрбумын хөрөнгө татах зорилготой бөгөөд энэ жил дэлхийд хийгдэх хоёр дахь том IPO болох төлөвтэй байна.

Zijin-ийн $100 тэрбумын үнэлгээ давсан амжилт нь зөвхөн компанийн түүхэнд төдийгүй Хятадын уул уурхайн салбарын хувьд стратегийн эргэлтийн цэг болж байна. Алт, зэсийн үнийн өсөлтөд түшиглэж богино хугацаанд эрчимтэй өссөн нь томоохон давуу тал боловч металлын үнийн хэлбэлзэл өндөртэйг харгалзан үзвэл эрсдэл дагуулсан сорилт ч мөн адил байна.

Ирэх IPO нь компанид шинэ хөрөнгө татах боломж олгох ч олон улсын хөрөнгө оруулагчдын шахалт, ил тод байдлын шаардлага нэмэгдэх тул Zijin-ийн удирдлагад сорилт авчрах нь гарцаагүй. Гагцхүү дэлхийн уул уурхайн өрсөлдөөнд гуравдугаарт орж ирсэн энэ амжилтыг тогтвортой хадгалж чадах эсэх л Zijin-ийн хамгийн том шалгуур болж байна.

Эх сурвалж: Mining.com