Т.Бямбанаран
Газар доорх баялаг Монгол орны эдийн засгийн тулгуур гэдэг нь өнөөгийн бодит үнэн. Харин тэрхүү баялагт хүрэх гол гарц нь зөвхөн өрөмдлөг, тэсэлгээ бус, харин мэдээлэл. Үнэн хэрэгтээ, нээлттэй, чанартай мэдээлэл хөрөнгө оруулалтыг татаж, хайгуулын ажлыг ахиулснаар уул уурхайн хөгжил тасралтгүй өрнөх учиртай.
Геологийн мэдээлэл нь зөвхөн ашигт малтмалын ордыг илрүүлэхийн тулд ашигладаг тоо, өгөгдөл биш, харин улс орны хөгжил, иргэдийн амьдралд гүнзгий нөлөөлөх хүчин зүйл төдийгүй ашигт малтмал, газрын тос, усны нөөцийг тогтоох, байгалийн гамшгаас сэргийлэх, экосистемийг хамгаалах, аюулгүй, тогтвортой барилга байгууламж барих, хөрс, усны бохирдол, газар тариалангийн судалгаа хийх, уур амьсгал, археологи, палеонтологийн ул мөрийг судлах, газрын гүний бүтэц, соронзон орны судалгаа зэрэг зайлшгүй хэрэгцээтэй олон талын ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, геологийн мэдээллийг уул уурхайгаас эхлээд эрдэм шинжилгээ, хот төлөвлөлт хүртэлх өргөн хүрээний салбарт ашигладаг.
МОНГОЛ ОРНЫ ГЕОФИЗИКИЙН СУДАЛГААНЫ 22%-ИЙГ ЦАХИМЖУУЛСАН
Монгол Улсын геологийн мэдээллийн цахимжуулалт 1992 оноос эхлэн 5 үе шаттай хөгжиж байна. Өдгөө еологийн мэдээллийн төвийн өгөгдлийн сан 24 үндсэн, 85 дэд сангаас бүрдэх бөгөөд эдгээрийг олон нийтэд нээлттэй байлгах зорилго тавьж байна.
"Өнөөдрийн байдлаар МонГеокат, МонГеокол, МонГеоМин, МонГео Expression зэрэг хэд хэдэн мэдээллийн системийг хөгжүүлж, ашиглалтад оруулсан. Цаашид бүгдийг илүү хүртээмжтэй, үр ашигтай болгохоор чармайж байна" хэмээн Үндэсний геологийн албаны Эрдэс баялгийн судалгаа, төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Н.Мөнхбилэг мэдэгдэж байв. Тодруулбал, "МонГеокат" нь веб газарзүйн мэдээллийн систем бөгөөд 2018 оноос хэрэглээнд нэвтэрсэн. Геологи, эрдэс баялгийн судалгааны ажлууд, олон төрлийн растер, вектор давхаргууд, тэдгээрийн метадата өгөгдлөөс бүрдэх аж.
Харин "МонГеоКол" нь хээрийн судалгаа, албан томилолтын мэдээллийг цуглуулагч систем ба улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудад хяналт тавих, холбогдох геомэдээллийг ил тод, нээлттэй түгээхэд зориулагдаж байна. Уг системийг 2018 оны сүүлээр хөгжүүлээд 2023 онд геохимийн төсөлд анх туршжээ.
"МонГеоМин" систем нь ашигт малтмалын ордын нөөцийн бүртгэлийг нэгтгэдэг бөгөөд одоогийн байдлаар дотоодын буюу хязгаарлагдмал хэрэглээнд ажиллаж байгаа ч тун удахгүй нийтэд нээлттэй болох юм. Ашигт малтмалын ордын төрөл, тоо, хэмжээг статистик үзүүлэлтээр харах, ашигт малтмалын нөөцийн бүртгэл мэдээлэл, нөөцийн тэнцэл зэргийг оновчтой гаргах боломжтой.
"МонГео Expression" нь Байгаль орчин, уур амьсгалын яамтай хамтран хөгжүүлсэн "хээрийн хөтөч апликейшн" юм. Үүгээр дамжуулан геологийн мэдээллийг геологичдоос гадна энгийн иргэд ч хүртээмжтэй ашиглах боломжтой.
Үндэсний геологийн албаны Геомэдээллийн төвийн порталд буй мэдээллийн төрлийг авч үзвэл цөөн хэд нь олон улсын жишигт нийцсэн бөгөөд тусгай зөвшөөрлийн мэдээлэл, сансрын зураглал болон нэмэлт мэдээлэл багтсан байна.
Гэвч төгс зүйл гэж үгүй. Геологийн зураг, төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын тайлан, орд илрэлийн өгөгдөл нь олон улсын стандартад хараахан нийцээгүй, чанарын шаардлага хангахгүй хэвээр байна.
Тодруулбал, Монгол орны нутаг дэвсгэрийн геохимийн болон геофизикийн өгөгдлийн 90 гаруй хувь нь геофизикийн судалгаанд ямар нэг байдлаар хамрагдсан ч ердөө 22%-ийг цахимаар авах боломжтой.
Геологийн мэдээллийн төвд хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын тайлан болон хэтийн төлөвийн үнэлгээний мэдээлэл хангалтгүй байдаг. Үүгээр ч зогсохгүй цооногийн мэдээлэл огт бэлэн биш байгаа аж.
Уул уурхайн тэргүүлэгч Канад, Австрали болон Финланд, Норвег зэрэг улс орнууд геологийн өгөгдлийн шилдэг порталтай. Дэлхийн 270 гаруй геологийн албаны гуравны нэг нь веб суурьтай өгөгдлийн портал ашигладаг ч Монгол Улс 2023 оны байдлаар тэдгээрийн тоонд хараахан багтаж чадаагүй байна. Гэвч өмнө дурдсанчлан Геомэдээллийн портал нээгдсэн нь манай улсын хувьд дэвшилтэт алхам болжээ.
Геомэдээллийг цахимжуулах, ангилах, харьцуулах зорилготой "Геомэдээллийн систем" болон геомэдээллийг цахимаар худалдах, захиалах, түгээх боломжтой. "Геомэдээллийн портал"-д нийт 5833 ширхэг шинжлэх ухааны өгүүлэл, нийтлэл, ном товхимол, судалгааны ажлыг цахимжуулан байршуулсан байна.
"Монголын Геологи, хайгуул 2025" чуулганы үеэр хэлэлцүүлсэн Н.Мөнхбилэгийн "Геологийн мэдээллийн удирдлага: Цахимжуулалт, боловсруулалт ба үйлчилгээний хүртээмж" сэдэвт илтгэлд дурдсанаар олон улсад сүүлийн жилүүдэд геологийн зургийг "залгаасгүй" буюу хавтгайн хүрээгээр хязгаарлагдаагүй байдлаар бий болгох чиг хандлага ажиглагдаж буй бөгөөд Монгол Улс ХБНГУ-тай хамтран геологийн зураглалыг залгаасгүй, тасралтгүй хэлбэрээр боловсруулах төслийг хэрэгжүүлж, дэлхийн жишигт нийцүүлэх эхний алхмаа амжилттай хийсэн аж.
НЭЭЛТТЭЙ ГЕОЛОГИЙН МЭДЭЭЛЭЛ БА ӨРСӨЛДӨХ ЧАДВАР
Фрейзерийн институтийн (Fraser Institute) 2021 онд гаргасан уул уурхайн тайланд улс орнуудыг хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах чадвараар нь үнэлсэн байдаг. Нийт 15 хүчин зүйлд тулгуурлан жагсаасан ба эдгээрийн нэг гол шалгуур нь “Нээлттэй геологийн мэдээллийн сан" аж. Энэ чиглэлд Монгол Улс 80 улсаас "сүүл мушгиж," 73-т бичигджээ. Энэ бол анхаарах ёстой нэгэн дохио. Учир нь нээлттэй геологийн мэдээлэл нь зөвхөн шинжлэх ухааны бус, хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад ч нөлөөлдөг стратегийн үзүүлэлтүүдийн нэг.
Өөрөөр хэлбэл, геологийн мэдээллээ ил тод, хүртээмжтэй болгохгүйгээр уул уурхайн хөрөнгө оруулалтын урсгалыг татна гэж найдахад хэцүү.
Геологийн мэдээллээ цахимжуулж, нээлттэй болгох нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нэгэн гарц байж болох талтай. Геологийн мэдээллийг дэлхийн чиг хандлагад нийцүүлж, цахимжуулах, машин сургалт (Machine Learning) болон хиймэл оюуныг ашиглан хайгуул судалгааны чанар, хүртээмжийг сайжруулах нь уул уурхайн салбарын хөгжлийн салшгүй нэг хэсэг юм.
Хайгуулын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэг нь зөвхөн шинэ орд илрүүлэх төдий биш, харин улс орны эдийн засгийг эрчимжүүлэх хөрөнгө оруулалтыг татах гол хөшүүрэг юм.
ӨСӨЛТӨӨС УНАЛТ РУУ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны өнгөрсөн 5 дугаар сарын тайлангаас харахад, хайгуулын хөрөнгө оруулалтын хэмжээ эрс тэс байсан ч салбарын чиг хандлага өөрчлөгдөж буйг тод харуулж байна.
Сүүлийн 4 жилд геологи, хайгуулын зардал асар их хэлбэлзэлтэй байв. 2021 онд ердөө 155.1 тэрбум төгрөг зарцуулсан бол 2022 онд энэ тоо 182.6 тэрбум төгрөг болж өссөн. Харин 2023 онд жинхэнэ оргил үедээ хүрч, хайгуулын зардал өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдэн 427.2 тэрбум төгрөг болжээ.
Гэвч уулын оргилд хүрээд урууддагийн адилаар 2024 он гэхэд хөрөнгө оруулалт 91.9 тэрбум төгрөгт хүрч, 4 дахин буурсан. Энэ нь Монгол Улсын хэмжээнд хайгуулын ажлын явц эрчимтэй саарч буйг илтгэнэ.
2023 оны хайгуулын зардлын бүтцийг харвал, өрөмдлөг 60.9%-ийг дангаараа эзэлж, хөрөнгө оруулалтын дийлэнх нь газрын гүнд шингэсэн гэхэд хилсдэхгүй.
Гэвч 2024 онд өрөмдлөгийн зардал 37% болж багассан байна. Үүний оронд суурин боловсруулалтын зардал эрс нэмэгдэн хайгуулын нийт зардлын 29%-ийг эзлэх болжээ. Өөрөөр хэлбэл, Монголын геологийн салбар нэг үеийн өрөмдлөгийн "давлагаа"-наас тооцоо, шинжилгээ, боловсруулалтын шат руу орж буйг харж болох аж.
Геологи хайгуулын салбарт мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг хэзээ бүрэн дүүрэн бий болгож чадах вэ? Хөрөнгө оруулалтыг хэрхэн тогтвортой, урт хугацаанд дэмжих вэ? Геологийн салбарын хөгжлийг зөвхөн уул уурхайн төслөөр хязгаарлахгүйгээр, инновац, дэвшилтэт технологи, шинжлэх ухаанд тулгуурласан шинэ шат руу хэрхэн шилжүүлэх вэ гэх зэрэг хариу нэхсэн олон асуулт урган гарч байна.
Дэлхийн уул уурхайн хөрөнгө оруулагчид орд газраас илүү мэдээллийн чанар, ил тод байдлыг үнэлдэг болсон энэ цаг үед Монгол Улс геологийн өгөгдлөө цахимжуулж, нээлттэй болгох алхмаа эхлүүлсэн нь том дэвшил. Гэхдээ дэлхийн стандарттай жишихэд Монголын мэдээллийн хүртээмж хангалтгүй хэвээр байна. Хиймэл оюун, машин сургалт зэрэг ухаалаг технологийг нэвтрүүлэн геологийн мэдээллийг боловсруулах, нийтэд түгээх ажил бодит шаардлага болж, эрт орой хэзээ нэгэн цагт хаалга тогших нь дамжиггүй.