Т.Бямбанаран
Хамгийн эрсдэл өндөртэй салбаруудын нэгд уул уурхай зүй ёсоор тооцогддог. Уурхайчдын өдөр тутмын аюулгүй байдал хамгийн том сорилт болж байгаа нь бодит үнэн. Тэгвэл өнөөгийн уурхайчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг ухаалаг шийдлээр хэрхэн шийдэж байна вэ?
Сүүлийн жилүүдэд технологийн үсрэнгүй хөгжил, тэр дундаа хиймэл оюун (Al) болон юмсын интернэт (IoT) шийдлүүд салбарын дүр зургийг бүхэлд нь өөрчилж эхэллээ. Эдгээр дэвшил нь зөвхөн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны стандартыг шинэ шатанд гаргах төдийгүй, зарим тохиолдолд уурхайчдыг өндөр эрсдэлтэй орчинд ажиллах шаардлагаас бүрмөсөн чөлөөлж байна.
Дэлхийн тэргүүлэх уул уурхайн компаниудын нэвтрүүлж буй өгөгдөлд суурилсан системүүд нь дан ганц үйл ажиллагааны зардлыг бууруулаад зогсохгүй аюулгүй байдлыг бэхжүүлж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгадаг бөгөөд хамгийн гол нь эрдэнэт хүний амь насыг эрсдэлд өртөхөөс авран хамгаалж, урьдчилан сэргийлж байна.
Орчин үед бидний төсөөллөөс ч давсан ухаалаг технологиудын ачаар уул уурхайн салбарт хувьсал өрнөж байгаа нь нүднээ ил харагдаж байна.
АВТОМАТ УДИРДЛАГАТАЙ МАШИН МЕХАНИЗМ
Уул уурхайн салбарын ирээдүйг тодорхойлох гол чиг хандлагын нэг бол өөрөө явагч хүнд даацын машин. Автомат удирдлагатай ачигч машин, экскаватор, өрөмдлөгийн болон бусад тоног төхөөрөмжүүд операторыг эрсдэлт бүсээс бүрэн чөлөөлж байна. Эдгээр систем нь ажилтны санамсаргүй алдаанаас гарч болох ослын эрсдэлийг бууруулж, хүний оролцоогүйгээр ажиллах чадвартай гэдгээрээ онцлог.
Жишээлбэл, Рио Тинто, ВНР, Fortescue Metals зэрэг уул уурхай тэргүүлэх компаниуд бүрэн болон хүнд даацын хагас автомат машинуудыг 2020 оноос уурхайн талбайд нэвтрүүлжээ.
Мөн өнгөрсөн онд ВНР компани Спенс уурхайн бүх хүнд даацын машиныг гар ажиллагаанаас бүрэн автомат горимд шилжүүлсэн бөгөөд энэ нь уурхайн талбай дахь үйл ажиллагааг аюулгүй, үр ашигтай болгоход томоохон дэвшил авчирсан гэж тус компани мэдэгджээ.
Үүнээс гадна, АНУ-ын “Freeport-McMoRan" компанийн Аризона мужийн Багдад дахь зэсийн уурхайд “Caterpillar Inc." компанитай (САТ) хамтран 33 ширхэг Cat-793 загварын хүнд даацын өөрөө буулгагч машиныг 2023 оны сүүлээр ашиглалтад оруулсан бөгөөд эдгээр машин нь "Caterpillar"-ийн "Cat MineStar Command" системээр бүрэн тоноглогдсон аж.
"Freeport-McMoRan" компани уг шийдвэрийнхээ ач холбогдлыг онцлохдоо, “Энэхүү төсөл нь манай компанийн үйл ажиллагааны ашгийг нэмэгдүүлэхээс гадна ослын эрсдэлтэй бүсээс ажилтнуудаа яаралтай гаргах замаар аюулгүй байдалд бодитой хувь нэмэр оруулна" хэмээн мэдэгджээ.
ДРОН БА РОБОТ
Нисгэгчгүй төхөөрөмж буюу дрон нь уул уурхайн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах, хязгаарлагдмал бүсэд зураглал хийх, нөхцөл байдлыг үнэлэхэд шинэ үүд хаалгыг нээж өглөө. Сүүлийн жилүүдэд IoT буюу юмсын интернэтийг хиймэл оюунтай хослуулснаар жинхэнэ гайхамшгийг бүтээж, хэдхэн жилийн өмнө боломжгүй байсан зүйлс биеллээ олоод байна. Тухайлбал, онцгой байдлын тусламжийн дронууд (ERD) аврагчдад аюул, эрсдэлийг үнэлэх чухал мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг “үнэнч туслах" гэхэд болно.
Орчин үеийн дронууд нь өндөр нягтралтай камер, LiDAR буюу гэрлийн туяа ба зай хэмжих технологиор тоноглогдсон. Мөн хиймэл оюуныг ашигласнаар эдгээр дрон нь GPS болон компьютерын холболт шаардлагагүйгээр газар доорх орчинд ч хурдтай нэвтэрч, бие даан шийдвэр гаргах боломжтой.
Канадын "Glencore" компанийн нэгэн уурхайд "Еmesent" компанийн автомат удирдлагатай LiDAR дронууд уурхайн эрсдэлтэй бүсэд нэвтэрч, геологийн 3D зураглал хийж байгаа нь тун сонирхолтой. Ийнхүү геологичид эрсдэлтэй бүс рүү нэвтэрч, амь насаараа “дэнчин тавих" шаардлагагүй болжээ.
Мөн "Boston Dynamics" компанийн "Spot" гэх 4 хөлт робот нь газрын гадаргаар бие даан алхах чадвартай ба ажлын талбайд дрон хяналтын камерын үүрэг гүйцэтгэдэг. Тэр ч байтугай гүний уурхайн судалгаа, аврах ажиллагаанд оролцдог. Тус компани АНУ-д төвтэй бөгөөд хүн болон амьтны хөдөлгөөн, тэнцвэр, уян хатан байдлыг дуурайх өндөр чадвартай роботуудыг бүтээдгээрээ дэлхийд танигдсан юм.
Швейцарын Цюрих хотод байрладаг "ANYbotics" компанийн үйлдвэрлэсэн "ANYmal" хэмээх 4 хөлт роботыг Бразилын "Vale" компани ашиглаж байна. Энэхүү нохой хэлбэртэй робот нь дуу, дүрс болон дулааныг мэдэрч, аюулгүй байдлыг ханган ажилладаг тул цөмийн станцууд, газрын тосны үйлдвэрүүд, үйлдвэрийн болон дата төвүүд, уул уурхайн салбар зэрэг хүнд нөхцөлд хүнийг орлож чаддаг.
ХИЙМЭЛ ОЮУНААР УРЬДЧИЛАН ТААМАГЛАХ СИСТЕМ
Тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангахын тулд хиймэл оюунаар тэдгээрийн гэмтлийг урьдчилан хянаж, эвдрэл гарахаас өмнө засвар үйлчилгээг цаг алдалгүй хийх боломжтой болж байна. "International Business Machines Corporation" буюу "ІВМ” компанийн Европын Холбоо болон НАТО-г хариуцсан технологийн салбарын тэргүүн Дирк Клаессенсийн хэлснээр БНХАУ-ын нүүрсний уурхайд гарсан ослын 80% нь тоног төхөөрөмжийн эвдрэлээс үүдэлтэй. Тиймээс урьдчилан таамаглах засвар үйлчилгээгээр аюулгүй байдлыг хангах боломж бий" гэжээ.
Мөн хиймэл оюуны алгоритмууд метан хийн алдагдал болон чулуулгийн тогтворгүй байдлыг урьдчилан илрүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулж байна. Саяхны нэг судалгаагаар Хятадын нүүрсний уурхайд хиймэл оюун ухаан метан хийн түвшин огцом өссөнийг 30 минутын өмнө олж тогтоон, инженерүүдэд тэр даруй мэдэгдсэнээр газрын гүнд дэлбэрэлт үүсэх ноцтой ослоос урьдчилан сэргийлж чаджээ.
УХААЛАГ ХУВЦАСНЫ ТУСЛАМЖТАЙ ОПЕРАТОРЫН БИЕИЙН БАЙДЛЫГ ХЯНАНА
Ажилчдын биеийн байдал, анхаарал төвлөрөлт хэвийн байгаа эсэх, ядарч сульдсан эсэхийг хянах "Fatigue Monitoring System" болон "Driver Safety System" (DSS)-ийн ач холбогдол их. Мөн ухаалаг хувцас, хэрэгслийн "ид шид" уурхайн орчинд өргөн нэвтэрч байна.
Оператор нэг ээлжид 12-16 цаг ажилладаг. Өдөржин ийнхүү нэгэн хэвийн горимоор ажилласан оператор ядарч, сульдах магадлал өндөр. Энэ эрсдэлийг орчин үеийн технологийн тусламжтай даван туулах боломжтой болжээ. Уурхайн компаниуд болон тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид кабин дотор ухаалаг мэдрэгч, камерын систем суурилуулж, операторын нүд болон нүүрний хөдөлгөөнийг мэдэрч, анхаарал сарнисан эсэхийг мэдээлнэ.
Энэ мэт технологиуд дуу чимээ, чичиргээ үүсгэх, эсвэл хамгаалалтын бүсийг чангаруулах зэргээр дохио өгч, болзошгүй ослоос сэргийлж чадна.
Түүнчлэн хамгаалалтын малгай, хантааз, бугуйнд суурилуулсан мэдрэгчүүд нь ажилтны зүрхний цохилт, биеийн температур, тархины долгионыг хэмжиж, ядрах магадлалыг тодорхойлдог болжээ. Тухайлбал, ВНР компани Чилид байрлах Эскондида уурхайн жолоочийн анхаарал сарних, сульдахыг тухайн ажилтны тархины бичлэгээр илрүүлэх зорилгоор хиймэл оюунд суурилсан "fatigue сар" гэх ухаалаг малгайг ашиглаж байна.
УХААЛАГ ТЕХНОЛОГИ СТРАТЕГИЙН ТЭРГҮҮЛЭХ 5 ЧИГЛЭЛИЙН НЭГ
Уурхайн ажиллах орчны аюулгүй байдлыг сайжруулах үүднээс ухаалаг технологи руу шилжих үйл явц их хэмжээний хөрөнгө шаардах нь дамжиггүй. Энэ ч утгаараа дэлхий нийтэд энэ чиглэлд зарцуулах хөрөнгө оруулалтаа улам нэмэгдүүлэх болжээ. Дэлхийн уул уурхайн салбарт хиймэл оюуны зах зээлийн хэмжээ 2024 онд ойролцоогоор 30 тэрбум ам.доллар байжээ.
Уг тоо 2033 он гэхэд бараг 686 тэрбум ам.доллар болж, огцом өсөх төлөвтэй байна. Түүнчлэн уул уурхайн робот, техник хэрэгслийн зах зээл 2024 онд 1.4 тэрбум ам.доллар байсан бол 2034 он гэхэд 3.7 тэрбум ам.долларт хүрэхээр байгаа.
Уул уурхайн салбарын ажилтнууд ирээдүйд ч бий болох өөрчлөлт, технологийн хувьслыг урьдчилан таамаглаад эхэлжээ. "GlobalData" компани өнгөрсөн оны 3-5 дугаар сард 500 сая ам.доллароос дээш орлоготой томоохон уурхайнуудад ажилладаг 46 ажилтныг хамруулан судалгаа явуулжээ. Санал асуулгад оролцогчдын 81% нь хиймэл оюун тэдний ажилд ойрын 10 жилийн дотор шууд болон мэдэгдэхүйц байдлаар нөлөө үзүүлнэ гэж хариулсан байна.
"PricewaterhouseCoopers" буюу "PwC" компанийн тооцооллоор автоматжуулалт, өгөгдлийн шинжилгээ зэрэг цахим шийдлүүд 2025 онд уул уурхайн стратегийн тэргүүлэх 5 чиглэлд багтаж байгаа аж. Уул уурхайн компанийн удирдлагууд технологийг зөвхөн бүтээмжийг өсгөх хэрэгсэл төдийгүй хүний эрүүл мэнд, аюулгүй байдлын түлхүүр гэж үзэх болжээ.
Автомат удирдлагатай техник, хиймэл оюун ухаанд суурилсан урьдчилан таамаглах систем, дрон, робот, ухаалаг хувцас, VR сургалт зэрэг нь осол, гэмтлийн эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулж, хүний амь насыг хамгаалах “аюулгүйн сүлжээ"-нд нэвтэрч байна. Дэлхийн томоохон компаниудын жишээ ч үүнийг нотолж, хөрөнгө оруулалтын урсгал ч улам нэмэгдэж буйг статистик харуулж байна.