Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/153 дугаар тушаалын дагуу 2025 оны 09 дүгээр сарын 03-наас 12-ны хооронд Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт төлөвлөгөөт бус хяналт шалгалт зохион байгуулагдав. Энэхүү шалгалтыг нутгийн иргэдийн гомдол, мэдээлэлд тулгуурлан, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах зорилготойгоор хийсэн байна.
Шалгалтын явцад ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 13 аж ахуйн нэгж зайлшгүй бүрдүүлэх ёстой бичиг баримт дутуу, хүчин чадлаа хэтрүүлсэн, батлагдсан зураг төслийг мөрдөөгүй зэрэг зөрчил гаргасан нь тогтоогджээ. Үүний улмаас дээрх компанийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авсан байна.
Мөн бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байсан 7 нөхөрлөл хуульд нийцээгүй үйл ажиллагаа явуулсан нь илэрсэн байна. Тухайлбал, 3500 см³-ээс дээш багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий техник ашигласан, нөхөн сэргээлт хийсэн болон өмнө нь хөндөгдөөгүй талбайд олборлолт явуулсан зөрчил гаргажээ.
Хууль бус олборлолтын тод жишээ нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол орчим, Ерөө сумын Бугант тосгон, Хүнгүйч-Зүр хүзүү уулын арын хэсэг, мөн Төв аймгийн Заамар сумын Нарангийн энгэр зэрэг газарт бүртгэгдсэн байна. Эдгээр үйлдлийг баримтжуулан Цагдаагийн газрын Экологийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ.
Энэ удаагийн шалгалт нь Монголын уул уурхайн салбарт удаа дараа сөхөгдөж буй хууль бус олборлолтын асуудлыг дахин тод харууллаа. Зөвхөн 9 хоногийн хугацаанд гурван аймагт ийм олон зөрчил илэрсэн нь орон нутгийн хяналт, зохицуулалтын механизм хангалтгүй байгаагийн илрэл юм.
Хэдийгээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам холбогдох хууль тогтоомжийг сайжруулах, шалгалтыг эрчимжүүлэхээ мэдэгдэж байгаа ч бодит амьдрал дээр хууль бус олборлолт тасралтгүй үргэлжилсээр байна. Энэ нь зөвхөн компанийн түвшинд бус, салбарын удирдлагын тогтолцоонд системийн доголдол байгааг илтгэнэ.
Иргэдийн гомдол, мэдээллээр хөдөлж шалгалт хийхээс илүүтэйгээр урьдчилан сэргийлэх бодлого, ил тод мэдээллийн тогтолцоо, орон нутгийн иргэдийн хяналтын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг шинжээчид онцолж байна. Өнөөдрийн арга хэмжээ нь хууль бус олборлолтыг тодорхой хэмжээнд таслан зогсоож чадсан ч энэ нь зөвхөн мөсөн уулын орой байж болзошгүй юм.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам