Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Эрдэнэт үйлдвэр жилд 40 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай боллоо

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалтын 2, 3 дугаар секцийн өргөтгөлийг ашиглалтад хүлээн авах ёслолд оролцов.

Эрдэнэт үйлдвэрийн хүдэр бэлтгэх технологийн дамжлага нь өөрөө нунтаглах хэсэг болон хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамаар явагддаг. Эдгээрийг тус бүр жилд 20 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болгохоор үе шаттайгаар өргөтгөн шинэчилж байна. 1978 онд ашиглалтад орсон хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын шинэчлэл одоо ид өрнөж байгаа бол хоёрдугаар шугам буюу өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийг өнгөрсөн онд дуусгажээ. Үүний дараа баяжуулалтын секцүүдийг шинэчлэх ажлыг эхлүүлж, өнөөдөр Хам баяжуулалтын 2, 3 дугаар секцийг бүрэн шинэчлэн ашиглалтад орууллаа.

Шинэчлэгдсэн хоёр секц жилд 12 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай бөгөөд үүний үр дүнд Баяжуулах үйлдвэрийн нийт хүчин чадал 40 сая тонн болж нэмэгдлээ. Ингэснээр хүдэр баяжуулах зардлыг 10%-иар бууруулж, технологийн үзүүлэлтүүдийг сайжруулах боломж бүрдсэн байна.

Төслийг зураг төслөөс эхлээд барилга угсралт, ашиглалтад оруулах хүртэл Эрдэнэт үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд өөрсдөө гүйцэтгэсэн нь онцлог юм.

Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий инженер Т.Батмөнхийн мэдээлснээр, ОХУ-ын РИВС фирмийн 96 ширхэг хуучин хөвүүлэн баяжуулах машиныг АНУ-ын FLSmidth компанийн WEMCO брэндийн 22 өндөр хүчин чадалтай флотомашинаар шинэчилснээр цахилгаан эрчим хүчний хэрэглээг 15–20%-иар бууруулж, жилдээ 2 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарчээ. Мөн зэсийн металл авалтыг 0.01%-иар нэмэгдүүлснээр жилд 1.4 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломжтой болсон байна.

Сүүлийн зургаан сарын хугацаанд зөвхөн эрчим хүчний зардлаас 900 орчим сая төгрөг хэмнэсэн нь шинэчлэлийн бодит үр дүнг харуулж байна. Цаашид Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалтын нийт зургаан секцийг үе шаттайгаар шинэчлэх бөгөөд дараагийн ээлжид 4, 6, 1 дүгээр секцийг шинэчлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар