Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Орхон аймагт Оюут нэртэй шинэ зэсийн орд нээгдлээ

Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутагт хийгдсэн хайгуулын үр дүнд “Оюут” нэртэй шинэ зэсийн орд илрүүлжээ. Урьдчилсан тооцоогоор тус орд нь 357 сая тонн хүдрийн нөөцтэй болох нь тогтоогдсон байна. Энэ нь улсын төсвийн гол түшиц болсон Эрдэнэтийн ордын хэмжээний шинэ орд нээгдэж буйгаараа онцлог бөгөөд Монгол Улсад эдийн засгийн өсөлт, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх шинэ боломж нээж байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар тус ордыг түшиглэн жилд 5–10 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах үүргийг холбогдох байгууллагуудад өгчээ. Энэ тооцооллоор Оюут ордыг 30–35 жил ашиглах боломжтой гэж үзэж байна.

Хайгуулын ажлыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн геологичид бие даан гүйцэтгэсэн бол цаашдын ашиглалт, бүтээн байгуулалтын ажилд тус үйлдвэрийн инженерүүд оролцоно. Оюутын орд нь Эрдэнэтийн овоо ордоос 8 км, Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцээс ердөө 3 км зайд байрлаж байгаа нь дэд бүтцийн хувьд хамгийн таатай нөхцөл бүрдүүлж буй юм.

Оюутын ордыг ашигласнаар Үндэсний баялгийн сан нэмэгдэж, Эрдэнэт хот, Орхон аймаг төдийгүй Монгол Улсын хойд бүс нутаг болон улсын эдийн засгийн хөгжилд чухал түлхэц өгнө гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.09.07/ орд газрыг ашиглалтад бэлтгэх үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар