Т.Бямбанаран
Европын Холбооны (ЕХ) хориг арга хэмжээ БНЭУ-ын “Nayara Energy” компанийн худалдан авалтын төлөвлөгөө болон боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний борлуулалтад цохилт өгсөн. Үүний улмаас ОХУ-ын газрын тосны аварга “Роснефть” компани 49%-ийг нь эзэмшдэг Энэтхэгийн “Nayara Energy” компани 8 дугаар сард түүхэндээ хамгийн бага хэмжээний түүхий тос импортлох төлөвтэй байна.
400 мянган баррель түүхий тос боловсруулах хүчин чадалтай, Энэтхэгийн хоёр дахь томоохон үйлдвэрийн хувьд энэ сарын импортын хэмжээ нь түүхэндээ байгаагүй хамгийн доод түвшинд хүрэхээр байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үед өдөрт дунджаар 366 мянган баррель импортолж байсантай харьцуулахад эрс багассан үзүүлэлт юм.
“Bloomberg”-ийн мэдээлснээр “Nayara Energy” 8 дугаар сарын байдлаар Оросын экспортын голлох төрөл болох Уралын түүхий тосноос бараг 2.9 сая баррель импортолжээ. Гэвч энэ сарын үлдсэн хугацаанд ямар ч шинэ тээвэрлэлт төлөвлөөгүй байгаа.
Энэтхэгийн газрын тос боловсруулах үйлдвэрийн асуудал өнгөрсөн сард ЕХ Орост тавих 18 дахь багц хоригийг баталснаар эхэлсэн юм.
Энэхүү хориг арга хэмжээ нь Оросын газрын тосны худалдан авагчдад чиглэсэн анхны алхам болж буй. Үүний хүрээнд ЕХ нь Оросын нефтийн худалдаанд оролцож буй байгууллагуудад хөрөнгийг нь царцаах, зорчих эрхийг нь хязгаарлах, нөөц олгохыг хориглох зэрэг арга хэмжээг авч, хориг арга хэмжээгээ улам өргөтгөв.
АНУ-ын дэмжлэггүйгээр ЕХ-ны хоригийн үр нөлөө хэр байх тал дээр шинжээчид эргэлзэж байсан ч, худалдаачид ЕХ-ны хоригийг зөрчих эрсдэлд орохыг хүсэхгүй байгаа. Сүүлийн хэдэн долоо хоногт уг хоригийн улмаас “Nayara”-гийн түлш экспортлох терминалаас хэд хэдэн ачилт цуцлагджээ.
Эх сурвалж: oilprice.com