П. Жаргалсүрэн
АНУ-ын Эрчим хүчний яам лхагва гарагт мэдээлснээр, Трампын засаг захиргаа цахилгаан автомашины батарей, хагас дамжуулагч зэрэгт ашиглагддаг чухал ашигт малтмал, түүхий эдийн хөгжлийг түргэвчлэхийн тулд бараг 1 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор төлөвлөжээ.
Санхүүжилт нь Хятад болон бусад улс орнууд давамгайлж буй чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд олборлолт, боловсруулалт, үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлж, өргөжүүлэхэд чиглэнэ.
“АНУ хэт удаан хугацаанд орчин үеийн амьдрал болон үндэсний аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай эдгээр материалын нийлүүлэлт, боловсруулалтад гадаад орнуудад найдаж ирлээ” гэж Эрчим хүчний сайд Крис Райт онцлов.
Энэ алхам нь Ерөнхийлөгч Дональд Трампын эрчим хүчний хөгжлийг дээд хэмжээнд хүргэх тухай захирамжтай уялдаж байна.
Үйлдвэрлэл, эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээний алба нь дотоодын боловсруулалт, батарей үйлдвэрлэл болон дахин боловсруулах хүчин чадлыг өргөжүүлэхэд 500 сая ам.доллар хүртэлх хөрөнгө зарцуулах төлөвтэй байна. Мөн уул уурхайн хаягдлаас газрын ховор элемент олборлох, сэргээх аргын арилжааны боломжийг батлах төслүүдэд 135 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Үүнээс гадна үйлдвэрлэлийн явцад чухал ашигт малтмалын дайвар бүтээгдэхүүн гаргах боломжтой үйлдвэрүүд, тэр дундаа нүүрсний байгууламжуудад 250 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна.
Хагас дамжуулагч үйлдвэрлэлд ашиглагддаг галли, германи, цахиурын карбид зэрэг материалыг боловсруулах, хайлуулах зэрэг газрын ховор соронзны нийлүүлэлтийн сүлжээнд чиглэсэн төсөлд 50 сая ам.доллар хүртэл санхүүжилт багтаж байна.
Эх сурвалж: www.reuters.com