2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрсний экспорт эрс нэмэгдэж байгааг танилцууллаа.
Тодруулбал, Засгийн газраас 2025 оны 7 дугаар сарын 9-нд тус компанид гурван сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийг томилон ажиллуулж байна. Энэхүү баг олборлолт, тээвэр, борлуулалт болон бусад үйл ажиллагааг сайжруулах дөрвөн үндсэн чиглэлээр төлөвлөгөө батлан хэрэгжүүлж буй юм.
2025 оны эхний хагас жилд нийт 85 удаагийн нээлттэй цахим арилжаа зохион байгуулагдсан ч 65 нь амжилтгүй болж, 20 удаагийн арилжаагаар 1.3 сая тонн нүүрс борлуулжээ. Харин долоодугаар сараас эхлэн биржийн арилжааны зохион байгуулалтыг сайжруулснаар 8 дугаар сарын 11-нийг хүртэл хугацаанд 23 удаагийн арилжаагаар 1.4 сая тонн нүүрс борлуулсан байна.
Ганцмод боомт дахь хатуу коксжих нүүрсний үнэ долоодугаар сарын эхээр тонн нь 700 юаниас 1000 юань хүртэл өссөн нь борлуулалтад эерэг нөлөө үзүүлжээ. Экспортын хэмжээнд ч өсөлт ажиглагдаж, 2025 оны зургадугаар сард 132.8 мянган тонн байсан бол долоодугаар сард хоёр дахин нэмэгдэж 268.7 мянган тонн болсон байна.
Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн валютын орлого ч эрс нэмэгдэж, зургадугаар сард 90 сая ам.доллар орсон бол долоо, наймдугаар сарын эхний 10 хоногт 210 сая ам.долларын орлого бүртгэгдэж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлжээ.
Тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв (ТНАЛТ)-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, бүрэн хүчин чадлаар ашиглалтад оруулах зорилгоор хяналт шалгалтын баг болон техникийн ажлын хэсэг идэвхтэй ажиллаж байна.
Мөн компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, өр төлбөр болон зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа бөгөөд уг ажлын хүрээнд худалдан авах ажиллагаатай холбоотой чиг үүргийн давхардлыг арилгах эхний ээлжийн арга хэмжээг авч, бусад чиг үүргийн давхардлыг цаашид арилгах бэлтгэл ажлыг хангаж байна.
Үүнээс гадна, дунд хугацааны стратеги төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж буйг мөн танилцууллаа.
Эх сурвалж: Монгол улсын засгийн газар