Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хиймэл оюун ухаан зэсийн эрэлтийг нэмэгдүүлж байна

Ч. Сансар

Хиймэл оюун ухааны (AI) дата төвүүдийг барьж байгуулахад зэсийн хэрэглээ нэмэгдэж, дэлхийн зах зээлд зэсийн хомсдол улам гүнзгийрч болзошгүй юм. BloombergNEF судалгааны байгууллагын шинэ тайланд зэсийн хомсдол 2035 он гэхэд 6 сая тоннд хүрэх боломжтой гэж бичжээ.

BNEF-ийн шинжээчдийн үзэж байгаагаар хиймэл оюун ухааны дата төвүүдийн нэг жилийн хэрэглээ ирэх арван жилд 400,000 тонн орчим хүрч, 2028 онд 572,000 тонн болж оргилдоо хүрнэ гэж таамаглаж байна. 2035 он гэхэд эдгээр төвүүд нийтдээ 4.3 сая гаруй тонныг хэрэглэнэ. Үүнээс гадна цахилгаан дамжуулах сүлжээ, салхины эрчим хүч зэрэг зэс шаарддаг бусад салбаруудын хэрэглээ 2035 он гэхэд бараг хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Зэсийн салбарт хангалттай хөрөнгө оруулалт хийгдээгүйн улмаас  зэсийн зах зээл хүндрэлтэй тулгарч буй бөгөөд дата төвүүдийн тоо олширч, , хүчин чадал нь нэмэгдвэл зэсийн эрэлт улам өснө гэдгийг шинжээчид онцолж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зэсийн импортод шинэ татвар ногдуулахыг зарласны дараа зэсийн үнэ 7 дугаар сарын сүүлчээр 20 орчим хувиар буурсан. Мягмар гарагийн үдээс хойш нэг фунт зэс 4.49 ам.долларын үнэтэй байв.

Эрэлт хурдацтай өсч байгаа ч зэсийн нийлүүлэлт өсөхгүй байгаа учир BNEF 2028 онд нэг тонн зэсийн үнэ 13500 ам.долларт хүрнэ гэж таамагласан. 2035 он гэхэд дэлхий нийт 29 сая тонн зэс олборлох төлөвтэй байгаа ч энэ нь зах зээлийн хэрэгцээг хангахад шаардагдах 35 сая тонноос ч бага тул хомсдол улам гүнзгийрнэ. 

Дата төвүүдэд зэсийг цахилгаан кабель, холбогч, дулаан солилцогч, цахилгаан түгээх төхөөрөмж зэрэг өргөн хүрээнд ашигладаг бөгөөд зэсийн зардал дата төвийн өртгийн бараг 6%-ийг эзэлдэг.

Microsoft компанийн 500 сая долларын үнэтэй дата төвийг Чикаго хотод барихад 2177 тонн зэс ашигласан аж.

Үүнээс гадна зөвхөн Хойд Америкийн мэдээллийн төвийн дэд бүтцийн үнэлгээ 2020 онд 33 тэрбум доллар байсан бол 2030 онд 70 тэрбум, 2040 онд 185 тэрбум доллар болж өсөх төлөвтэй байна.

Эх сурвалж: mining.com