Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Рио Тинтогийн гүйцэтгэх захирлын томилгоо 7 дугаар сарын сүүлээр зарлагдах магадлалтай

Credits: Reuters

Т.Бямбанаран

Рио Тинтогийн шинэ гүйцэтгэх захирал энэ сард ч томилогдох магадлалтай байгаа талаар тус компанийн дотоод эх сурвалж нэрээ нууцлан мэдээлсэн байна. Дараагийн гүйцэтгэх захирал томоохон нэгдэл, худалдан авалтын хэлэлцээрүүдэд нээлттэй хандах, бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг танах бодлого баримтлах шаардлагатай гэж тэрээр мөн хэлжээ.

Дэлхийд төмрийн хүдрийн олборлолтоор тэргүүлэгч Рио Тинто 5 дугаар сард мэдэгдэхдээ гүйцэтгэх захирал Якоб Стаушолм 4 жил хагасын дараа албан тушаалаасаа буух болсныг зарлаж хувьцаа эзэмшигчдийг гайхшируулж байсан. Ийнхүү дотоод болон гадаад нэр дэвшигчдээс сонголт хийх шатандаа явж байгаа билээ.

Энэхүү удирдах албан тушаалд нэр дэвшигчид энэ долоо хоногт Лондон хотноо тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд (ТУЗ) танилцуулгаа хийхээр төлөвлөж байгаа аж. Гүйцэтгэх захирлын томилгоо 7 дугаар сарын сүүлчээр зарлагдаж болзошгүйг нэгэн эх сурвалж онцолжээ.

Шинэ гүйцэтгэх захирал томоохон худалдан авалтад нээлттэй байх хэрэгтэйг ТУЗ-ийн дарга Доминик Бартон чухалчилж байгаа нь хараахан олон нийтэд ил болоогүй байв.

Компанийн дотоод нэр дэвшигчдийн тоонд Риогийн төмрийн хүдрийн хэлтсийн захирал Саймон Тротт, Хөнгөн цагааны асуудал эрхэлсэн газрын дарга Жером Пекресс болон Худалдаа эрхэлсэн гүйцэтгэх захирал Б.Болд нар багтаж байгаа талаар “Ройтерс” агентлаг 5 дугаар сард мэдээлж байсан юм. Мөн Техникийн албаны дарга Марк Дэвис нэр дэвшигчдийн тоонд байгаа талаар өөр нэгэн эх сурвалж хэлсэн байна.

Сонгон шалгаруулалтын явц нийтэд ил болоогүй байгаатай холбогдуулан дээрх эх сурвалжууд нэрээ нууцлах нөхцөлтэйгөөр мэдээлэл өгсөн байна.

Эх сурвалж: reuters.com