Ч.Сансар
Дэлхийн банкууд сүүлийн гурван жилд нүүрсний салбарт 385 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж Германы “Urgewald” ашгийн бус байгууллагын тайланд дурдсан байна.
2021 оны COP26 уур амьсгалын дээд хэмжээний уулзалтаар 200 орчим улс орон нүүрсний хэрэглээгээ танахаар тохиролцож, олон томоохон банкууд цэвэр эрчим хүч рүү шилжихээ амласан. Түүнээс хойш дөрвөн жил өнгөрсөн ч, бодит байдал дээр нүүрсний санхүүжилт буурсангүй.
Нүүрс бол эрчим хүчний салбар дахь хамгийн том бохирдуулагч бөгөөд дэлхийд цахилгаан эрчим хүчний гуравны нэгээс илүү хувийг нүүрсний станцууд үйлдвэрлэдэг гэж Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭХА) мэдэгдсэн. Нүүрсний станцууд энэ хэвээрээ ажиллавал дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс доош тогтоон барих Парисын хэлэлцээрийн зорилгыг биелүүлэх боломжгүй болно.
Нүүрсний цахилгаан станцуудыг эрт хаах нь амаргүй байдаг, ялангуяа хөгжиж буй орнуудад. Учир нь нүүрсний станцууд харьцангуй шинэ, хэдхэн жилийн өмнө ашиглалтад орсон байдаг. Мөн уг станцуудыг хаахаас өмнө цэвэр эрчим хүчний эх үүсвэрээ бэлдэж, нүүрсний станцад хөрөнгө оруулсан компанийн алдагдлыг нөхөн төлөх шаардлага үүсдэг. Тиймээс станцуудыг эрт хаах оролдлого нь удааширч, улс төрийн болон санхүүгийн асуудлуудтай тулгардаг.
Дональд Трамп дахин ерөнхийлөгч болсон нь нүүрсний салбарт дэмжлэг үзүүлсэн гэж хэлж болно. Энэ оны эхээр Трамп АНУ-д нүүрсний хэрэглээ, олборлолтоо нэмэгдүүлэх хэд хэдэн тогтоолд гарын үсэг зурсан.
Нүүрсний компаниудыг хамгийн их санхүүжүүлсэн нь хятадын банкууд. 2022-2024 оны хооронд бараг 250 тэрбум ам.долларын зээл олгосон. АНУ-ын банкууд нийтдээ 50 гаруй тэрбум ам.долларын санхүүжилт олгосноор хоёрдугаар байранд жагсдаг.
Банкууд нүүрсний салбарын санхүүжилтийг багасгах гэж анх хичээж байсан бол одоо зарим банкууд дүрэм журмаа зөөлрүүлж эхэлсэн. 2023 оны сүүлээр Bank of America нүүрсний шинэ уурхайг санхүүжүүлэхгүй гэсэн амлалтаасаа ухраад, эхний ээлжинд нэмэлт хяналт шалгалт хийх журам болгон өөрчилжээ. Өнгөрсөн жил Австралийн Macquarie Group Ltd ган үйлдвэрлэх нүүрсний санхүүжилтийн дүрмээ зөөлрүүлсэн билээ.
Дэлхийн хамгийн том 99 банкнаас ердөө 24 банк нь ОУЭХА-аас тогтоосон эцсийн хугацаа болох 2040 он гэхэд нүүрсний санхүүжилтийг зогсоохоор төлөвлөж байна. Эдгээр банкуудын ихэнх нь зөвхөн цахилгаан станцын нүүрсэнд анхаарлаа хандуулж, ган үйлдвэрлэхэд ашигладаг нүүрсэнд ач холбогдол өгөхгүй байгаа.
Эх сурвалж: mining.com