Т.Бямбанаран
16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Монголын Эдийн Засгийн Форум “Маргаашийн төлөө хамтдаа” уриан дор 2025 оны 7 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээний үеэр “Хөрөнгө оруулагчийн итгэлийг даах нь”, “Хот төлөвлөлт, хотын эдийн засаг”, “Тогтвортой хөгжил ба шинэ эдийн засаг (COP17)”, “Стратегийн нөөц, олон улсын нийлүүлэлтийн гинжин хэлхээ” гэсэн дөрвөн үндсэн сэдвээр нэгдсэн хуралдаан явагдахын зэрэгцээ салбар хуралдаанууд өрнөнө.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар чуулганыг нээж үг хэллээ. Тэр бээр илтгэлээ Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Сэндэнжавын Дуламын хэлсэн “Ойрх үед Монголын хүчирхэг оюун санаа сэрсэн байхыг би мэдэрлээ” гэх үгээр эхлүүлж, “Монголын их амар амгалан” буюу “Pax Mongolica”-г дурдаад орчин үед ч мөн адил гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ээлтэй, тайван орчныг бий болгоно хэмээн хэллээ. Тэрээр яриандаа, “Монголын Модернаци гэх шинэчлэлийн бодлогын хүрээнд хүний хөгжил тэргүүн зэргийн чиглэл байх болно. Мөн Засгийн газрын шинэчлэл, уул уурхайн салбарын хөгжил, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, цахим шилжилт, ногоон эрчим хүч зэрэг чиглэлд төвлөрнө. Тиймээс энэ хүрээнд уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах зөв бодлого хэрэгжүүлж, эдийн засгийг дэмжих, солонгоруулах зорилгоор бүтцийн өөрчлөлт хийнэ. Өөрөөр хэлбэл, “урьчхаад урдаг биш, залчхаад заамддаг биш,” гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад ээлтэй байх зарчмыг бий болгоход энэ бүхэн чиглэж байгаа.
Дээрх зорилтуудаа “ABCD Predictable Framework” гэх зарчмын хүрээнд хэрэгжүүлнэ. Тодруулбал, “Accountability-driven” буюу ил тод, хариуцлагатай засаглал, “Business-focused” буюу бизнесийн орчны тогтвортой байдал, “Competitiveness-enhanced” буюу инновац ба өрсөлдөх чадвар, “Digital-based” буюу дижитал суурьт төр, үйлчилгээг хөгжүүлнэ. Эцэст нь, энэ бүхэн “Predictable” буюу хөрөнгө оруулагчдад гэнэтийн “бэлэг” барьдаггүй, урьдчилан таамаглаж болохуйц тогтолцоонд тулгуурлан явагдах болно. Энэ бол “Монголын Модернаци” гэх цогт шинэчлэлийн үндэс юм.
Хувийн хэвшлийг дэмжиж, цогц шинэчлэл хийснээр ойрын 10 жилд эдийн засгийг хоёр дахин өсгөх, ногоон бүсийг хоёр дахин нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг өсгөх, эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэх, цахим шилжилтийг хоёр дахин хурдасгах гэсэн “5D Стратеги”-т хүрч чадна. Бид хөрөнгө оруулагчдад ээлтэй улс гэж хэлдэг биш, харин хөрөнгө оруулагчид өөрсдөө тийнхүү ярьдаг болсон цагт Монгол Улсад бизнесийн эрүүл орчин бүрдлээ гэж үзэж болно” хэмээн онцлоод “Агуу Монголоо ахин агуутгая” гэх үгээр илтгэлээ өндөрлүүллээ.
Мөн "Монголын Эдийн Засгийн Форум" НҮТББ-ын тэргүүн Ч.Ганхуяг чуулганыг нээж хэлсэн үгэндээ, “Бид асуудалд хариулт олох гэж хуралдаад 16 жил болжээ. Өмнөх хурлуудын үр дүнг ч мөн зарлаж, үр дүнтэй чуулган болно гэдэгт итгэлтэй байна. Төр засаг нь олон түмэнд нээлттэйгээр, хувийн хэвшилтэй нүүр тулж байгаад асуудалд хандах хоёр талын байр суурийг гаргаж ирснээр хамгийн мэргэн, оновчтой шийдвэр гарна гэж боддог. Энэ бол уг форумын зорилго юм. Талууд энэхүү форумаар дамжуулан нэгэн дээвэр дор цуглаж, санал бодлоо солилцох нь чухал. Шинэ Засгийн газар бизнест ээлтэй байх уу, татварын таатай орчныг бий болгож, сайжруулах уу, төрийн бүх түвшинд хүнд суртлыг багасгаж, тэр бүү хэл арилгаж чадах уу, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих үү, хот хөдөөг хөгжүүлэх мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх үү, Монголчууд популист улс төрөөс салж чадах уу, шинэ технологи, боломжуудыг хурдтай нэвтрүүлж чадах уу, орчин цаг болон ирээдүйд нэн чухал боловсон хүчнээ яаж татах, яаж тогтоох вэ гэх олон асуултад хариулт хайж энд цугларсан. Энэхүү форумын үр дүнд төр, хувийн хэвшлийн хоорондын итгэлцэл, гадаадын хөрөнгө оруулагчид Монгол улсад итгэх итгэл нэмэгдэнэ гэж найдаж байна” гэсэн юм.
Ийнхүү чуулганы эхний өдрийн хөтөлбөр “Хөрөнгө оруулагчдын итгэлийг даах нь” сэдэвт нээлттэй ярилцлага болон салбар хуралдаануудаар үргэлжилж байна.