Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Европын Холбоо дайны нөхцөлд шаардлагатай чухал ашигт малтмалыг нөөцлөх бэлтгэлээ хангаж байна

О. Дөлгөөн

Европын Комисс геополитикийн зөрчилдөөнөөс үүдэн нийлүүлэлтийн сүлжээ тасалдахаас сэргийлж, чухал ашигт малтмалын нөөцийг яаралтай нэмэгдүүлэхээр зэхэж байгаа тухай “Financial Times” сонинд мэдээллээ.

Европын Холбооны баримт бичигт дурдсанаар, энэхүү арга хэмжээ нь 27 гишүүн орны эвслийг геополитикийн хурцадмал байдал, зөрчил мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, кибер аюул зэрэг өсөн нэмэгдэж буй эрсдэлээс хамгаалахад чиглэж байна.  

Европын Комиссоос гишүүн орнууддаа эрчим хүч, батлан хамгаалахын салбарт чухал ач холбогдолтой газрын ховор металл, соронз зэрэг эрдэс баялаг,  кабел засварын сэлбэгүүдийг нөөцлөх ажлыг эрчимжүүлэхийг уриалжээ. Мөн хүнс, эмийн бүтээгдэхүүн, цөмийн түлш зэрэг стратегийн чухал хангамжийн нөөцийг хамтран бүрдүүлэхийг уриалж байна.

“Орос улс ирэх дөрвөн жилийн дотор ЕХ-ны аль нэг гишүүн улсад халдах эрсдэлтэй” гэдгийг өнгөрсөн сард Германы Батлан хамгаалахын тэргүүн анхааруулсан байна. 

Мөн энэ оны 3 дугаар сард Европын Комисс “Европын Холбооны Бэлэн байдлын стратеги”-г танилцуулж, гишүүн орнуудад чухал тоног төхөөрөмжийн нөөцийг нэмэгдүүлэх, иргэдэд яаралтай нөхцөлд дор хаяж 72 цагийн хүнс, ус болон өдөр тутмын хэрэглээний зүйлсийн нөөцөө бэлтгэхийг уриалсан юм.

Эх сурвалж: mining.com