Т.Бямбанаран
Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан тайланд дэлхийн зах зээл дээрх алтны дундаж үнэ сүүлийн 12 сарын хугацаанд огцом өсөж, 2024 оны 5 дугаар сард 2,326 ам.доллар байсан бол энэ оны 5 дугаар сард 3,278 ам.долларт хүрсэн тухай мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, тус металл өмнөх оны мөн үетэй харьцуулбал 40.9 хувиар өссөн ажээ.
2025 онд алтны үнэ огцом өссөн нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифт төвлөрсөн бодлогоос ихээхэн хамаарсан. Энэхүү нөхцөл байдал уг металлын үнийг шинэ дээд түвшинд хүргэлээ.
Урт хугацааны төлөв байдлыг харвал 2025 болон 2026 онд алтны үнэ өсөх хандлагатай хэвээр байна. Тухайлбал, 2026 оны дунд үе гэхэд алтны дундаж үнэ нэг унц нь 4,000 ам.доллар руу дөхнө гэж “J.P.Morgan” санхүүгийн корпорацын шинжээчид үзэж байна.
Төв банкнууд болон хөрөнгө оруулагчдын алтны эрэлт энэ онд тогтвортой хадгалагдаж, улирал бүрд дунджаар 710 тоннд хүрэхээр байгаа аж.