О. Дөлгөөн
Рио Тинтогийн хамтран эзэмшдэг компани Канад улсын Квебек мужийн хойд хэсэгт байрлах “Aluminerie Alouette” хөнгөн цагааны үйлдвэрийнхээ үйл ажиллагааг шинэчлэх зорилгоор 1.5 тэрбум канад долларын (1.1 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байна.
Энэхүү хөрөнгө оруулалт нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн худалдааны дайны улмаас хүнд нөхцөлд орсон хөнгөн цагааны салбарт эерэг дохио болж байна. АНУ импортын хөнгөн цагаанд 50 хувийн тариф ногдуулсан нь тус улсын дотоодын үйлдвэрлэгчдэд дарамт учруулж буй. Жишээлбэл, согтууруулах ундаа үйлдвэрлэгч “Constellation Brands Inc.” компани хөнгөн цагааны тарифын улмаас санхүүгийн жилийн үлдсэн хугацаанд ойролцоогоор 20 сая ам.долларын нэмэлт зардал гарна гэж таамаглаж байгаагаа мэдэгдлээ.
АНУ-д хөнгөн цагааны дотоодын үйлдвэрлэл хангалтгүй байгаа тул Канадаас их хэмжээгээр импортолдог. Тухайлбал, Квебек муж Хойд Америкийн нийт хөнгөн цагааны 70 хувийг дангаараа үйлдвэрлэдэг.
“Aluminerie Alouette” бол олон улсын консорциум бөгөөд 40 хувийг нь Рио Тинто компани эзэмшдэг. Квебекийн “Sept-Îles” хотод байрлах тус компанийн үйлдвэр жилд 630,000 тонн хөнгөн цагаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ойролцоогоор 900 хүнийг ажлын байраар хангадаг.
Эх сурвалж: mining.com