Т.Бямбанаран
Мягмар гарагт /2025.07.01/ зэсийн үнэ сүүлийн гурван сарын дээд хэмжээнд хүрлээ. Үүнд хоёр гол хүчин зүйл нөлөөлсөн байна. Тодруулбал, Лондоны металлын бирж (LME)-д зэсийн нийлүүлэлт мэдэгдэхүйц хумигдаж, хомсдол үүссэн нь үнэ өсөх нөхцөлийг бүрдүүлсэн бол, нөгөө талаас АНУ болон БНХАУ-ын худалдааны зөрчил намжих болов уу гэсэн хүлээлт нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлжээ.
Зах зээлийн анхаарал одоо ч тарифын асуудалд төвлөрсөн хэвээр байна. Товчхондоо, энэ нь зэс гэх мэт түүхий эдийн үнэ хэрхэн хэлбэлзэхийг тодорхойлж байна.
Нийлүүлэлтийн хомсдол
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны 2 дугаар сард АНУ-д нийлүүлж буй зэсийн импортод шалгалт эхлүүлэхээ зарласны дараа зах зээлд үүссэн бодит өөрчлөлтүүд зэсийн үнийг огцом өсгөв. Үүний үр дүнд Лондоны металлын биржийн зэс оны эхний хагасыг 12 хувийн өсөлттэйгөөр хаах төлөвтэй байна. Ийнхүү металлын зах зээлд цагаан тугалганы ард хоёрдугаарт бичигдэхээр боллоо.
Сүүлийн үед Лондоны металлын бирж болон Хятадын агуулахуудад зэсийн нөөц огцом буурчээ. Энэ нь санамсаргүй үзэгдэл биш. Худалдаачид Цагаан ордноос санал болгосон импортын тарифаас урьтаж АНУ-д зэс нийлүүлэхийн тулд түүхэнд байгаагүй их хэмжээгээр экспортолсон нь гол шалтгаан болжээ. Энэхүү стратегийн улмаас дэлхийн бусад томоохон зах зээлд зэсийн хомсдол бий болж, тэнцвэрт байдал алдагдахад хүрсэн.
Энэ онд LME-ийн агуулах дахь зэсийн нөөц ойролцоогоор 65%-иар огцом буурсан нь дэлхийн зах зээл дээрх нийлүүлэлтийн хомсдолыг тод томруунаар илтгэж байна. Үүний зэрэгцээ АНУ-ын Комекс (CME) зах зээлийн агуулахуудад хадгалагдаж буй нөөц эсрэгээрээ хоёр дахин нэмэгджээ.
Ойрын хугацаанд нийлүүлэх спот зэсийн гэрээнүүд хожуу хугацаанд нийлүүлэх гэрээнүүдээс хамаагүй өндөр үнээр арилжаалагдаж байна. Энэ нь зах зээл дээр “backwardation” хэмээх онцгой бүтэц үүссэнийг илтгэж байгаа хэрэг. Иймэрхүү нөхцөл байдал ихэвчлэн нийлүүлэлт эрс багассан үед үүсдэг билээ.
БНХАУ болон АНУ-ын хооронд удаан хугацаанд хурцадмал байсан худалдааны маргаан зөөлөрч болзошгүй гэсэн нааштай дохио гарсан нь зах зээлд өөдрөг хандлагыг бий болгов. Үүнээс үүдэн зэсийн үнэ цаашид улам өсөх төлөвтэй байна.
Өсөлтийн төлөв
Орон нутгийн цагаар өглөөний 08:39 минутын байдлаар LME-д зэсийн үнэ 0.9%-иар өсөж, нэг тонн нь 9,960 ам.долларт хүрсэн байна. Үүнээс өмнөхөн 9,984 ам.доллар болсон нь энэ оны хамгийн өндөр үзүүлэлт байлаа.
Мягмар гарагийн өглөөний “Comex” зах зээлийн арилжаагаар 9 дүгээр сард нийлүүлэх зэсийн үнэ 2.16 хувиар огцом өсөж, тонн нь 11,423 ам.долларт хүрлээ.
Хөрөнгө оруулалтын банк болох “Goldman Sachs” зах зээлийн төлөвийг өөдрөгөөр харжээ. Тус банкны таамаглалаар, 2025 оны 8 дугаар сард LME-ийн зэсийн үнэ тонн тутамд ойролцоогоор 10,050 ам.доллар болж оргилдоо хүрнэ гэж үзэж байна. АНУ-аас бусад бүс нутагт зэсийн нийлүүлэлт улам хумигдаж, зах зээлийн дарамт нэмэгдсээр байгаатай холбоотой аж.
Эх сурвалж: mining.com