Рио Тинто группын гүйцэтгэх захирал Стаушолм Баасан гарагт Баруун Австрали дахь "Western Range" төмрийн хүдрийн шинэ уурхайн нээлтэд оролцлоо. Ноён Стаушолм хэлэхдээ, 2 тэрбум долларын өртөгтэй "Western Range" уурхайн нээлт нь шинэ эхлэлийг тавилаа гэжээ. Рио Тинто 2020 онд соёлын ач холбогдолтой Жуукан хавцлын агуйг устгасантай холбоотой дуулиан дэгдэж байсан.
"Western Range" уурхай нь Рио Тинто (54%) болон Хятадын Baowu (46%) хоёрын хамтарсан компани юм. Тус уурхай нь жилд 25 сая тонн төмрийн хүдэр олборлох хүчин чадалтай бөгөөд 20 хүртэл жил ашиглах боломжтой. "Western Range" бол хаагдаж байгаа хуучин уурхайнуудыг орлох зорилготой 13 тэрбум ам.долларын шинэ уурхайнуудын эхнийх нь юм. 1.8 тэрбум ам.долларын Brockman Syncline 1 төслийг 3 дугаар сард баталсан бол Hope Downs 1 болон West Angelas төслүүд зөвшөөрөл авах шатандаа явж байгаа билээ.
Дэлхийн төмрийн хүдрийн зах зээлийн гол анхаарал Австралийн "Pilbara" бүсээс Гвиней дахь "Simandou" төсөл рүү шилжсэн. Энэхүү том уурхай 11-р сард экспортоо эхлүүлэх бөгөөд дэлхийн төмрийн хүдрийн урсгалыг өөрчлөх төлөвтэй байна.
Рио Тинто ирэх таван жилийн хугацаанд "Pilbara" бүсэд оршдог уурхайнуудад 13.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Энэ хөрөнгө нь үйл ажиллагааны урсгал зардал болон жилд 130 сая тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхэд зориулагдана. Энэ нь "Simandou" уурхайн 2030 он гэхэд 120 сая тонн олборлолт хийх төлөвлөгөөтэй ойролцоо, гэхдээ Риогийн төслүүд зардал болон геополитикийн эрсдэл багатай.
"Pilbara" бүс орчин үеийн дэд бүтэцтэй (төмөр зам, боомт, вагон болон усан онгоцонд ачиж буулгах тоног төхөөрөмж). Австралид ажиллах хүчний зардал нэмэгдэж, ажлын байрны нөхцөл өөрчлөгдөж байгаа ч "Pilbara" бүс нь төмрийн хүдэр их хэмжээгээр олборлодог дэлхийн хамгийн хямд газар хэвээр байна.
Эх сурвалж: mining.com