Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Африкийн хамгийн том боловсруулах үйлдвэр АНУ-аас газрын тос худалдаж авч байна

Ч.Сансар

Хэдийгээр Нигери Африкт газрын тосны олборлолтоор тэргүүлдэг ч Африкт хамгийн томд тооцогддог Нигерийн Dangote нефть  боловсруулах үйлдвэр АНУ-ын түүхий нефтийн (WTI) худалдан авалтыг улам их нэмэгдүүллээ.

Нигери бол Африкийн OPEC-ийн тэргүүлэх гишүүн бөгөөд газрын тосны олборлолтоо өсгөхөд хүндрэлтэй тулгарч байна. Тиймээс өдөрт 650,000 баррель боловсруулах хүчин чадалтай Dangote үйлдвэр АНУ-ын WTI маркийн нефтийн худалдан авалтыг нэмэгдүүлэх боллоо.

Энэ он гарсаар Dangote үйлдвэрийн боловсруулдаг нефтийн гуравны нэгийг АНУ-ын нефть эзэлж байна. Америкийн WTI Midland маркийн нефть нь Dangote үйлдвэрт нийлүүлдэг Америкийн түүхий нефтийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг.

АНУ-ын түүхий нефтийн импорт ийм өндөр байгаа нь техникийн болон логистикийн шалтгаантай холбоотой. АНУ-Хятадын худалдааны дайны улмаас энэ онд Ази дахь WTI маркийн нефтийн эрэлт буурч, WTI Midland түүхий нефтийг бусад зах зээлд илүү их нийлүүлэх боломжтой болсон.

Үүний зэрэгцээ Dangote үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж, Нигерийн газрын тосны олборлолт буурсан гэж тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Bloomberg-т мэдэгдэв. Bloomberg-ийн мэдээлснээр, 6 дугаар сард Dangote үйлдвэр Нигерээс биш АНУ-аас илүү их газрын тос худалдаж авах төлөвтэй байна.

Dangote 2024 оноос шатахуун үйлдвэрлэж эхэлсэн. Эхлээд өнгөрсөн оны 1 дүгээр сард дизель түлш, нафта үйлдвэрлээд, дараа нь 9 дүгээр сард бензин үйлдвэрлэж эхэлсэн.

Нефть боловсруулах үйлдвэрийг Африкийн хамгийн баян хүн Алико Данготе байгуулсан. Тус үйлдвэр нь өдөрт 650,000 баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай бөгөөд Африкт хамгийн том үйлдвэр, дэлхийд том үйлдвэрүүдийн тоонд ордог.

Тус боловсруулах үйлдвэр нь Нигерийн шатахууны хэрэгцээг 100 хувь хангаж, илүү гарсан бүтээгдэхүүнээ экспортлох төлөвлөгөөтэй байгаа аж.

Эх сурвалж: oilprice.com