Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Рио Тинто Австралийн хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрийг аврах хэлэлцээр хийж байна гэж AFR мэдээлэв

П.Жаргалсүрэн 

Дэлхийн уул уурхайн томоохон компани Рио Тинто Австралийн хөнгөн цагааны Томаго үйлдвэрт олон тэрбум долларын тусламж үзүүлэх талаар холбооны болон мужийн засгийн газартай хэлэлцэж байна гэж Australian Financial Review (AFR) сонин мэдээлжээ.

Хэлэлцээ нь 2026–2029 оны цахилгаан эрчим хүчний гэрээ болон холбооны үйлдвэрлэлийн татварын хөнгөлөлттэй холбоотой ажээ.

Рио Тинто болон Шинэ Өмнөд Уэльсийн мужийн Ерөнхий сайд Крис Миннс, Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез нар Ройтерс агентлагийн мэдээлэлд одоогоор хариу өгөөгүй байна.

Тус үйлдвэрийн ирээдүй сүүлийн хэдэн сар тодорхой бус байсан ба үүний шалтгаан нь эрчим хүчний зардал огцом өссөнтэй холбоотой гэж мэдээлэлд дурджээ.

2024 оны 2 дугаар сард дэлхийн хамгийн том төмрийн хүдэр үйлдвэрлэгч болох Рио Тинто тус үйлдвэрийн ирээдүйг энэ оны дунд үе гэхэд шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн.

Сиднейгээс хойш 125 км зайд орших энэ үйлдвэр нь Шинэ Өмнөд Уэльсийн нийт эрчим хүчний хэрэглээний 10 орчим хувийг хэрэглэж, жилдээ 590,000 тонн хөнгөн цагаан үйлдвэрлэдэг. Рио Тинтогоос гадна CSR болон Hydro Aluminium компаниуд хамтран эзэмшдэг.

Австралийн засгийн газар 2024 оны 1 дүгээр сард тус улсын дөрвөн хөнгөн цагаан хайлуулах үйлдвэрийг 2036 оноос өмнө сэргээгдэх эрчим хүч рүү шилжихэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2 тэрбум австрали долларын үйлдвэрлэлийн урамшуулал олгохоо амласан.

Эх сурвалж: www.reuters.com