Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурлаа

2025 оны 06 сарын 09-ны өдөр Зам, тээврийн яаманд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ” аж ахуйн нэгж хоорондын гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.

Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн яамны Төмөрзам, далайн тээвэр бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржав болон холбогдох албаныхан оролцлоо.

БНХАУ-ын талаас  Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Минжуан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны албаны зөвлөх Лю Жинжи, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны албаны нарийн бичгийн дарга Цао Юэ, Хятадын төмөр замын барилгын гүүр инженеринг групп ХХК-ийн дэд ерөнхий менежер Ли Гуочян, Хятадын Төмөр замын барилгын гүүр инженеринг групп Интернэшнл ХХК-ийн ерөнхий менежер Шие Шяочэ нар оролцлоо.

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь нийт 32,6 км урт, 1 дүгээр  зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, үүнээс гол замын урт 19,5 км, 8-31 метр өндөр дан болон хос замтай гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх юм.

Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын барилгын корпораци” (CRCC)-ийн охин компани болох “Төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” шалгарч ажил гүйцэтгэх гэрээний төслийг эцэслэн тохирч гарын үсэг зурж баталгаажууллаа. Тэд 2025 оны 6 дугаар сарын 15-нд барилгын ажлыг хоёр улсын тал хамтран эхлүүлэхээр болж гүүрний эхний шонг өрөмдөж эхлэх ба 24 сарын хугацаанд гүйцэтгэж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 

Энэхүү төслийн хэрэгжилт нь Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээг 83 сая тонноос 165 сая тоннд хүргэж, экспортын орлогыг 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10,000 ам.долларт хүргэхэд дэмжлэг болохоор байна. 

Мөн тээврийн зардлыг 2–2.5 дахин бууруулж, тээврийн орлогыг 300 сая ам.доллараар өсгөнө гэсэн эдийн засгийн тооцоо гарсан. Төслийн хүрээнд 200 байнгын, 800 түр ажлын байр шинээр бий болж, бүс нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах юм.

Монгол, Хятад хоёр улс 1955 оноос хойш 70 жилийн дараа хоёр дахь боомтоо төмөр замаар холбож буй энэхүү бүтээн байгуулалт нь хоёр улсын түүхэн, стратегийн хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж байна.