Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Европын цахилгаан автомашины салбар хямралд ороод байна

Credits: Reuters

Т.Бямбанаран

Хятад улс энэ оны эхээр ховор металлын экспортоо хязгаарлах шийдвэр гаргаснаар АНУ, Хятадын худалдааны маргаан гүнзгийрсэн. Гэвч энэхүү хориг зөвхөн Америкийн компаниудад нөлөөлөөд зогссонгүй. Европын автомашины салбарт хүндээр тусч, бүр мөсөн сөхрүүлэх аюултай болжээ.

Хятад улс дэлхийн ховор металлын боловсруулах хүчин чадлын 90%-ийг дангаар эзэмшдэг. Баруунд төдийлөн үнэлэгддэггүй ч Хятад бол энэ салбарын маргаангүй ноёрхогч. Тэрхүү ноёрхлоо ашиглан бусад улс, бүс нутагт дохио өгч буй нь энэ. Үндсэндээ АНУ долларын ноёрхлоо ашиглан өөртэй нь санал зөрөлдөгч орнуудад хориг тавьж буйтай агаар нэг үйлдэл юм.

Ховор металлыг санаанд оромгүй олон төрлийн бүтээгдэхүүнд ашигладаг. Тэдгээрээс хамгийн их анхаарал татаж буй нь ховор металлаар хийдэг соронз бөгөөд энэ нь АНУ, Европын автомашин үйлдвэрлэгчдийг гүнээ түгшээж байна.

“Эдгээр металлыг тогтвортой, ханган нийлүүлж чадахгүй бол автомашин үйлдвэрлэгчид автомат хурдны хайрцаг, генератор, төрөл бүрийн цахилгаан мотор, мэдрэгч, хамгаалалтын бүс, чанга яригч, гэрэлтүүлэг, гидравлик хүчлүүрт жолоодлогын систем, камер зэрэг зайлшгүй чухал эд ангиудыг үйлдвэрлэх боломжгүй болно” хэмээн АНУ-ын автомашины инновацын холбоо болох “Alliance for Automotive Innovation” 5 дугаар сарын эхээр Трампын засаг захиргаанд илгээсэн захидалдаа онцолжээ.

Энэхүү захидалд Toyota, Volkswagen, General Motors зэрэг автомашины салбарын томоохон үйлдвэрлэгчид гарын үсэг зурж, асуудлыг шийдвэрлэхээр чармайж буй АНУ-ын засаг захиргаанд талархал илэрхийлсэн байна. Гэвч энэ асуудал шийдэгдэхгүй хэвээр үлдвэл автомашины үйлдвэрүүд хаалгаа барих нь цаг хугацааны л асуудал болохыг тэд онцлон анхааруулжээ.

Европт нөхцөл байдал илүү хүндэрсэн дүр зурагтай байна. Учир нь Европын Парламент болон Европын Комиссын одоогийн бодлогын хүрээнд автомашин үйлдвэрлэгчид нь энэ салбарт туйлын ихээр санаа зовох болжээ. Цахилгаан тээврийн хэрэгсэл нь уламжлалт дотоод шаталтын хөдөлгүүртэй машинтай харьцуулахад ховор металлыг хамаагүй ихээр хэрэглэдэг. Түүнээс гадна, ирэх гурван жилийн хугацаанд тодорхой тооны цахилгаан автомашин заавал үйлдвэрлэж, борлуулах үүрэг Европын автомашин үйлдвэрлэгчдэд хуулиар оногдсон байгаа.

Бээжин 4 дүгээр сарын дундуур хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь шууд хориг биш. Харин ховор металлын соронз худалдаж авахыг хүссэн аливаа этгээд тусгай зөвшөөрөл авах ёстой болжээ. Үүний дагуу худалдан авагчид зөвшөөрөл авах хүсэлт гаргаж, их хэмжээний мэдээллээ өгч, удаан хугацаанд хүлээх шаардлага үүсжээ. 

Энэхүү төвөгтэй зохицуулалтаас болж, зөвшөөрлөө амжилттай авсан тохиолдол тун цөөхөн байна. Ийнхүү автомашин үйлдвэрлэгчид хямралын ирмэгт тулж иржээ.

Эх сурвалж: oilprice.com