Т.Бямбанаран
Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол) өнөөдөр /2025.05.29/ “Монгол дахь хөрөнгө оруулагчдын итгэл” сэдэвт хэлэлцүүлгийг “Blue Sky” зочид буудлын 2 дугаар давхарт, “Жейд” хүлээн авалтын танхимд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгээр Монголын Улсын хөрөнгө оруулалтын орчны бодит байдал, хөрөнгө оруулагчдын өнөөгийн итгэл, санаа бодлыг хэлэлцсэн юм. Засаглалын үр өгөөжгүй байдал, шууд бусаар өмчийг авах эрсдэлтэй байгаа энэ үед хөрөнгө оруулалт татахын тулд улс оронд хэд хэдэн зоригтой арга хэмжээ авах шаардлагатай байна гэж АмЧам Монголын зүгээс үзэж байна.
Хэлэлцүүлгийг АмЧам Монголын ТУЗ-ийн тэргүүн ноён Рандолф Коппа чиглүүлэн явуулсан бөгөөд зочноор "Мелвилл Эрдэнэдалай" хуулийн фирмийн Хуулийн зөвлөх Ц.Байгалмаа, “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК-ийн ОУ-ын татвар ба арилжааны үйлчилгээ эрхэлсэн хамтрагч Р.Хишигнэмэх, “PwC Mongolia” ба “PwC Azerbaijan” байгууллагын Улс хариуцсан хамтрагч Шаукат Тапиа болон “Европын сэргээн босголт хөгжлийн банк”-ны Дэд захирал С.Баасансүрэн нар оролцлоо.
Уулзалтыг нээж, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрх Элчин сайд Ричард Л.Буанган илтгэлээ танилцуулаа. Тэрээр яриандаа, “АНУ-ын Элчин сайдын яам Монгол Улсад хийж буй Америкийн хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэхийг тууштай зорьдог бөгөөд энэ зорилгыг хэрэгжүүлэхэд АмЧам Монголын гүйцэтгэж буй үүрэг, АНУ-Монголын эдийн засаг, бизнесийн харилцааг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, дэмжиж байна" гэлээ.
Мөн тэр бээр илтгэлдээ, "Өнөөдөр Монгол Улс хэд хэдэн томоохон сорилттой тулгараад байна. Ийм нөхцөлд бодит байдлыг зоригтой хэлж чаддаг, үүний зэрэгцээ бодитой шийдэл санал болгож, засгийн газартай үр дүнтэй хамтран ажиллах хувийн хэвшлийн найдвартай түнш орших нь тун чухал юм.
Хөрөнгө оруулалтын орчны тухайд хэлэхэд, Засгийн газар болон УИХ-ын үйл ажиллагааны үр нөлөө нь хувийн хэвшилд эерэг ч бай, сөрөг ч бай шууд нөлөөлдөг гэдэгт бид бүгд санал нийлж байгаа болов уу. Тиймээс ч Монгол Улсын эдийн засгийн өсөлт нь хувийн хэвшил тэргүүлсэн байх ёстой гэдэгт би итгэдэг. Төрийн зүгээс хэрэгжүүлж буй ямар ч бодлого, арга хэмжээ нь хувийн хэвшлийн идэвхтэй оролцоогүйгээр бодит үр дүнд хүрэх боломжгүй.
Иймээс дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлж, тэдний чанартай, хариуцлагатай хөрөнгө оруулалтыг татахуйц хууль эрх зүй, зохицуулалтын тогтвортой орчин, хөрөнгө оруулалтын найдвартай суурь бүтцийг бүрдүүлэх нь нэн чухал. Хөрөнгө оруулалтын орчинд сөрөг хандлага, эргэлзээ үүсэх шинж тэмдэг ажиглагдахад АмЧам болон АНУ-ын Элчин сайдын яам хамтран анхааруулга өгч, бодитой шийдэл санал болгох нь зүйтэй гэж үзэж байна.
Энэ хүрээнд удахгүй нийтэд танилцуулах гэж буй “Монгол Улсын 2025 оны хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдэгдэл”-д та бүхний анхаарлыг хандуулахыг хүсэж байна.
АНУ-ын хөрөнгө оруулагчид Монголын зах зээлийг ихээхэн сонирхдог. Энэ нь зөвхөн уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг уламжлалт салбаруудаар хязгаарлагдахгүй. Мөн аялал жуулчлалын салбар ч нөөц боломжтой. Үүний тод жишээ бол “United Airlines” компани Монгол Улсад нислэг үйлдэж эхэлсэн явдал юм.
Гэвч нарийн ажиглавал яамд болон агентлагийн зарим албан тушаалтан хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг дур мэдэн зөрчиж байгаа нь шат дамжлага бүрд хууль эрх зүй, зохицуулалтын тогтворгүй байдал нүүрлэснийг харуулж байна. Маргаан шийдвэрлэх, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл явц ихэнх тохиолдолд удааширч, ил тод бус байдаг нь дотоодын төдийгүй гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд ноцтой саад бэрхшээл болсоор байна.
Ялангуяа татварын орчны тогтворгүй байдал, өөрөөр хэлбэл, албан тушаалтнуудад дур мэдэн, хэт их хэмжээний татварыг ногдуулах боломжийг олгодог тогтолцоо нь хөрөнгө оруулагчдын хамгийн ихээр санаа зовниж буй асуудлуудын нэг.
Мөн төрөөс хувийн хэвшлийн компаниудаас илүүтэйгээр төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгож, онцгойлон авч үздэг хандлагаас үүдэн одоогийн хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа тэлэх, цаашлаад шинэ хөрөнгө оруулалт татахад бодитоор саад болж буйг хэлэх нь зүйтэй.
Эцэст нь, стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн компанийн хөрөнгийн 34-өөс доошгүй хувийг ямар ч нөхөн олговоргүйгээр төр хураан авч, Монгол Улсын баялгийн санг босгоход чиглэсэн 2024 оны багц хууль байна. Иймээс Засгийн газар бусад талбарт ч ийм үйлдэл хийх вий гэсэн болгоомжлолыг гадаад, дотоодын бизнесийнхэн болон АмЧам илэрхийлж байна. Бизнесийн хүрээнийхэн болон АНУ-ын Элчин сайдын яам ч мөн эдгээр асуудлыг засгийн газар болон хууль тогтоох байгууллагын удирдлагуудад уламжилж, эдгээр хуульд тусгагдсан хөрөнгө хураах заалтуудыг эргэн харахыг хүссэн.
Стратегийн ордуудын хувьд хөрөнгө хураах заалтыг үндсэндээ хүчингүй болгох шийдэл л байгаа бөгөөд энэ асуудал парламент дээр яаж шийдэгдэхийг бид анхааралтай ажиглаж байгаа. Үүнийг цаг алдалгүй хийхгүй бол Монгол Улс хөрөнгө оруулалт хийх боломжгүй орон болж, дотоод, гадаадын хувийн хэвшлээс санхүүжилт шаардсан засгийн газрын томоохон хөтөлбөрийг ч гацааж болзошгүй тул бид Засгийн газар, УИХ, бизнесийн хүрээнийхэнд яаралтай зөвшилцөхийг уриалж байна” гэсэн юм.
Энэхүү уулзалт нь хууль эрх зүйн орчин дахь сүүлийн үеийн өөрчлөлтүүдийг тусгайлан авч үзэн тулгамдаж буй гол бэрхшээлүүд, боломжит шийдлүүдийг тодорхойлох, эдийн засгийг төрөлжүүлэх талаар санал бодлоо хуваалцах, Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх стратегийн талаар гишүүн байгууллагуудын төлөөлөл, салбарын экспертүүдтэй ярилцах зорилтууд дэвшүүлсэн цаг үеийн нөхцөл байдалтай нягт уялдаа холбоотой чухал арга хэмжээ болж өндөрлөлөө.