Т.Бямбанаран
Чили улсын "Codelco" компани Рио Тинто групптэй хамтран “Марикунга” литийн төслийг хэрэгжүүлэхээр болсноо Даваа гарагт /2025.05.19/ мэдэгдлээ. Чили улс нь цахилгаан автомашины батарейн үйлдвэрлэлийн салшгүй хэсэг болох литийн олборлолтоор дэлхийд хоёрт ордог. Тус улсын зах зээлд бас нэгэн хүчтэй хөрөнгө оруулагч нэмэгдэж буй нь энэ юм.
Чилийн уул уурхайн салбарт “SQM” гэх үндэсний компани болон АНУ-ын "Albemarle Corp" корпорац давамгайлж байсан билээ. Рио Тинто компани уг орон зайд хөл тавьж, өртөг өндөртэй, “цагаан алт” гэгдэх литийн зах зээлд өөрийн байр сууриа өргөжүүлэх чухал алхам хийлээ.
Цэвэр эрчим хүчний шилжилттэй холбогдуулан цахилгаан автомашины хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж буй өнөө үед олон улсын уул уурхайн компаниуд, автомашин үйлдвэрлэгчид болон батарей үйлдвэрлэдэг компаниуд литийн нөөцөө бий болгохоор зорьж байна. Энэхүү ашигт малтмал нь маш хөнгөн бөгөөд цахилгаан автомашины батарей хийхэд зайлшгүй шаардлагатай. Харин Чили, Аргентин, Боливи тэргүүтэй Өмнөд Америкийн орнууд литийн арвин нөөцтэй. Үүнийг “литийн гурвалжин” гэх нь ч бий.
Рио Тинто компани Чилийн хойд хэсэгт байрлах Марикунгагийн литийн ордод 900 орчим сая ам.долларын хөрөнгө оруулахаар шийдсэн ажээ. Уг талбайд одоогоор олборлолт хийж эхлээгүй байгаа ч литийн агууламжаараа толгой цохиж байгааг албаныхан хэллээ.
Рио Тинто уг төсөлд 49.99%-ийн эзэмшилтэй байх бол дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч "Codelco" компани үлдсэн хувийг эзэмшиж, төслийг удирдан хэрэгжүүлэх юм байна.
Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм энэхүү бүс нутагт их хэмжээний хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн сацуу Чилийн хойд хэсэгт "Codelco” компанитай хамтран хэрэгжүүлж буй "Nuevo Cobre" зэсийн хайгуулын төсөлтэй уялдуулан дэд бүтцийг нь хамт ашиглах, улмаар усны хэрэглээг багасгах боломж бий гэдгийг онцолжээ.
Дэлхийн нөлөө бүхий уул уурхайн компаниудын нэгтэй ийнхүү хамтарч байгаа нь Чили улсын хувьд литийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх бодит хувь нэмэр гэдгийг шинжээчид хэлж байна.
“BTG Pactual” банкны шинжээч Сесар Пересийн хэлснээр энэхүү хамтарсан төслийн ачаар Чили улс дэлхийн хамгийн том литийн үйлдвэрлэгч гэх байр сууриа буцаан авч, "Codelco" компани үйл ажиллагаагаа төрөлжүүлэх боломжтой болж байна. Өмнөд Америкийн энэ улс 2017 он хүртэл дэлхийд литийн үйлдвэрлэлээр тэргүүлж байсан ч тухайн жилээс Австрали улс нэгдүгээрт жагсах болсон юм.
Энэхүү гэрээ ирэх оны эхний улиралд хэрэгжиж эхлэхэд Рио Тинто компани 350 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болжээ. Үүний дараа хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэр гарахад 500 сая ам.доллар өгч, 2030 он гэхэд үйлдвэрлэл ашиглалтад орсноор 50 сая ам.долларын нэмэлт санхүүжилт илгээхээр төлөвлөсөн аж.
JP Morgan банкны тайланд дурдсанаар Рио Тинто Өмнөд Америкийн литийн салбарт хүч үзэж, бизнесээ өргөжүүлэхийг зорьж байна. Үүний нэг жишээ нь 2021 онд Аргентин улсын Ринкон литийн төсөлд 825 сая ам.доллар зарцуулсан явдал юм.
Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн жил Рио Тинто компани АНУ-ын "Arcadium" компанийг 6.7 тэрбум ам.доллароор худалдаж авсан бөгөөд уг компани Аргентинд хэд хэдэн литийн төсөл хэрэгжүүлж байгаа билээ.
Эх сурвалж: mining.com