Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АЗИ РУУ ЧИГЛЭСЭН НҮҮРСНИЙ УРСГАЛ БА ХЯТАДЫН ЭРЭЛТ

Ч.Сансар

ХУДАЛДАН АВАЛТЫН ЭРЭЛТЭЭС НҮҮРСНИЙ ҮНЭ ХАНШ ХАМААРДАГ

Зах зээл дээрх нүүрсний үнэ олон жилийн хамгийн доод түвшинд хүрчээ. Шалтгаан нь нүүрсний гол хэрэглэгч БНХАУ-ын эрэлт огцом буурсантай шууд холбоотой аж.

Хятадын эрэлт буурч байгаа нь Орос болон бусад орны нийлүүлэлтэд хэрхэн нөлөөлж байгааг Metals & Mining Intelligence (ММІ) байгууллагын шинжээч энэхүү нийтлэлдээ тодорхой тайлбарлажээ.

Энэ оны эхний улиралд нүүрсний үнэ унасан нь хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтай. Тухайлбал, Австралийн нийлүүлэлт тогтвортой байсан ч Япон, Өмнөд Солонгос, Тайваний эрэлт багасчээ.

Харин Хятадын нүүрсний салбарын нөхцөл байдал хүндхэн байгааг нүүрсний үнэ ханш илэрхийлж байна. Ялангуяа эрчим хүчний нүүрсний хувьд 5500 ккал/кг илчтэй. CFR China нөхцөлөөр импортолсон нүүрсний үнэ 2024 онд нэг тонн нь 111 доллар байсан бол өнгөрсөн сард 82 ам.доллар болтлоо буурсан байна.

Хятад бол Оросын нүүрсний гол импортлогч. ММІ-ийн тооцоолсноор 2024 онд Оросын нүүрсний нийт экспортын 47%- ийг Хятадад нийлүүлж байсан аж. Хятадын гаалийн албаны мэдээгээр өнгөрсөн онд эрчим хүчний нүүрсний импортын 13%. металлургийн нүүрсний (коксжсон болон нунтагласан нүүрсний) импортын 31%-ийг ОХУ хангажээ.

Өнгөрсөн онд Оросын нүүрсний томоохон компаниудын экспорт, олборлолт тодорхой хэмжээгээр өсөж, тогтвортой үзүүлэлттэй байсан. Харин жижиг компаниудын хувьд нүүрсний экспорт, олборлолт буурчээ. 2025 оны эхээр нүүрс олборлогч хэд хэдэн жижиг компаниуд олборлолтоо түр зогсоохоо мэдэгдсэн. Ерөнхийдөө жилийн турш энэ байдал үргэлжлэх хандлагатай байгаа бөгөөд Хятадын эрэлт бага байгаа нь голлон нөлөө үзүүлжээ. Томоохон экспортлогчид өөрсдийн нүүрсний терминал, төмөр замын оператор, худалдааны сүлжээтэй байдаг тул хориг арга хэмжээг тэсвэрлэх, Азийн зах зээл дээр өрсөлдөх чадвар өндөр байна.

Дэлхийн зах зээл ба Хятад улс

Нүүрсний хамгийн том импортлогч Хятад улс дэлхийн зах зээлийн үнэ ханшид шууд нөлөө үзүүлж байна. Харин 2021 онд үүний эсрэг нөхцөл байдал үүсээд байсан юм. Оны эхний хагаст Хятадын нүүрсний хэрэглээ өмнөх оны мөн үеэс 11%-иар өссөн бол олборлолт ердөө 6%-иар өсч, импорт бараг 20%-иар буурч байв. Хятадын нүүрсний нийт хэрэглээ дотоодын үйлдвэрлэлээсээ илүү өссөн бөгөөд 2021 оны зун импорт буурч, эцсийн хэрэглэгчдэд нийлүүлэх нүүрс хомсдож, нөөц нь шавхагдахад хүрч байв.

Хятад улс гаднаас нүүрсний худалдан авалтаа огцом нэмэгдүүлж, нөхцөл байдлаа өөрчлөхийг оролдсон. 2021 оны эхний хагаст 5500 ккал/ кг илчтэй нүүрсний үнэ 108-155 ам.доллар байсан бол 10 дугаар сард Хятадын боомтууд дээр зарим үед 250 ам.долларт хүрч байв. 2021 онд Австралийн нүүрсний импорт албан бусаар хоригт орж байсан ч Австралийн эрчим хүчний нүүрсний үнэд энэ байдал нөлөөлсөн юм. Австралийн 6000 ккал/кг үзүүлэлттэй нүүрсний үнэ 6 дугаар сард 125 доллар/тн (FOB нөхцөлөөр) байсан бол 10 дугаар сард 235 доллар/тн болж өссөн. Үүнээс хойш хятадууд сургамж авч, эрчим хүчний аюулгүй байдлын стратеги баримталж ажилласан юм.

2024 онд Хятад улс сар бүр их хэмжээгээр нүүрс импортолж байсан. 2024 оны эхэнд импортын өсөлтийг дотоодын үйлдвэрлэлийн бууралтаар нөхөж байсан бол жилийн II дугаар хагаст худалдаж авсан нүүрс боомт болон эцсийн хэрэглэгчдийн агуулахад хуримтлагдаж эхэлсэн. Хятадын гаалийн албаны мэдээгээр тус улсын эрчим хүчний нүүрсний импорт өнгөрсөн оны мөн үеэс 14%-иар нэмэгдэж, 405 сая тоннд хүрсэн бол металлургийн нүүрсний импорт 12%-иар нэмэгдэж, 137 сая тоннд хүрсэн байна. БНХАУ-ын нүүрсний нөөц дээд хэмжээнд хүрсний улмаас 12 дугаар сараас эхлэн импортын нүүрсний үнэ буурч эхэлжээ.

Хятадад үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлаас Оросын экспортлогчид төдийгүй бараг бүхий л томоохон нүүрс үйлдвэрлэгчид хохирол амсаж байна.

Хятадын гаалийн албаны мэдээлснээр, Австралиас Хятад руу эрчим хүчний нүүрсний нийлүүлэлт 2025 оны 2 дугаар сард өмнөх сартай харьцуулахад 39%, 2024 оны 11 дүгээр сартай харьцуулахад 48%, өнгөрсөн жилтэй харьцуулахад 17%- иар буурсан байна. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ буурсан нь Хятадтай бага хэмжээний худалдаа хийдэг бусад ханган нийлүүлэгчдэд ч нөлөөлж байна. Жишээлбэл, Колумбын үйлдвэрлэгчид эхний улиралд нүүрсээ борлуулахад асуудалтай тулгарсан. Ерөнхийдөө Колумб улсаас Ази руу нүүрс тээвэрлэж, одоогийн үнээр зарах нь ашиггүй болох нь тодорхой болсон аж.

Орос улсад үзүүлэх нөлөө

Оросын экспортлогчдын хувьд экспортын гол түүхий эдийн эрэлт суларч, дэлхийн зах зээлийн үнэ буурсан нь рублийн ам.доллартой харьцах ханш чангарахтай давхцаж, рублийн нетбэк буюу ашиг нь унасан байна.

Хятадын гаалийн албаны мэдээлснээр, энэ оны 2 дугаар сард ОХУ-ын эрчим хүчний нүүрсний импорт 1 дүгээр сараас бараг өөрчлөгдөөгүй ч өнгөрсөн 11 дүгээр сартай харьцуулахад 44%, өнгөрсөн оны мөн үеэс 5%-иар буурсан байна. Тус мэдээллээр 3 дугаар сарын эхний 20 хоногт ОХУ-аас Хятад руу төмөр замаар тээвэрлэсэн нүүрсний хэмжээ 2 дугаар сарын мөн үетэй харьцуулахад 35%-иар буурсан байна. Экспортын гол түүхий эдийн уналт баруун хойд боомтуудад голлон тохиолдсон. Тэнд гадагшаа тээвэрлэсэн нүүрсний биет хэмжээ, нийлүүлэлт 70%-иар буурчээ. 

Оросын нүүрсний экспортын 90% нь баруун хойд болон өмнөд, Алс Дорнодын гэсэн гурван бүс нутгийн боомтуудаар дамждаг. Төмөр замаар тээвэрлэн нүүрсээ боомтуудад хүргэдэг. Sxcoal-ийн мэдээлснээр Хятадын хойд боомтуудад эрчим хүчний нүүрсний үнэ CFR нөхцөлөөр 3 дугаар сарын эцсийн байдлаар 5500 ккал/кг илчтэй нүүрс нэг тонн нь 78.50 ам. доллар, 5000 ккал/кг илчтэй нүүрс тонн нь 69 ам.доллар байсан. Балтын тэнгисийн боомтуудаар Хятад руу ачдаг нүүрсийг ийм ханшаар борлуулбал Оросын үйлдвэрлэгчид ашиггүй ажиллаж, алдагдал нь тонн тутамд 900-1100 рубль хүрэх аж.

Оросын экспортлогчид бүтээгдэхүүнийхээ зарим хэсгийг өмнөд боомтуудаараа дамжуулан Энэтхэг PYY тээвэрлэхийг оролдож байгаа ч тэнд бас л саад бэрхшээлтэй тулгардаг. Энэтхэгийн дотоод зах зээлд нүүрс хомсдоогүй бөгөөд Өмнөд Африк, АНУ зэрэг улсуудтай өрсөлдөх шаардлага гардаг. Энэ хаврын эцэс гэхэд Хятадын эрэлт сэргэх хүлээлт байна. Гэхдээ зуны саруудад нүүрсний эрэлт өсдөг уламжлалтай ч, энэ удаа сэргэлт хожуу эхлэх бололтой.

Нүүрсийг баруун чиглэлд тээвэрлэдэг төмөр замын тарифт хөнгөлөлт үзүүлэхийг ОХУ-ын Зам тээврийн яамнаас санал болгож байгаа нь нүүрсний салбарыг дэмжих нэг арга байж болох юм. Түүнчлэн урд чиглэлд тээвэрлэж буй нүүрсэнд тарифын хөнгөлөлт үзүүлэх нь экспортлогчдод илүү их дэмжлэг болно. Энэ тухай үйлдвэрлэгчид нутгийн эрх баригчдаар дамжуулан төр, засагт хүргэхийг хичээж байна.

Харин Тамань боомт нь Турк, Энэтхэгт нүүрс экспортлох гол боомт гарц хэвээр байгаа. Мөн тус боомтоос зарим нүүрсийг Зүүн Өмнөд Ази болон Өмнөд Солонгос руу экспортолдог. Үүнээс гадна Тамань боомтоор Египет, Бахрейн, Марокко зэрэг Ойрхи Дорнод, Хойд Африкийн зах зээл рүү нүүрс тээвэрлэж, бага ч болов ашиг олох боломжтой аж.