Ч.Сансар
ОХУ-ын "Мечел" болон "Распадская" зэрэг нүүрсний томоохон компаниуд санхүүгийн ихээхэн алдагдал хүлээсэн тухай 2024 оны санхүүгийн тайландаа дурджээ. Энэ нь тус улсын нүүрсний салбар ноцтой асуудалтай тулгарч эхэлсний тод жишээ аж.
Ази тивд нүүрсний эрэлт багасаж, Орос Украины дайнаас улбаалан барууны орнууд эдийн засгийн хориг арга хэмжээ авч эхэлсэн зэрэг шалтгааны улмаас нүүрсний салбар гүн хямралд оржээ.
Орос бол дэлхийн 6 дахь том нүүрс олборлогч юм. Оросын 30 орчим хотод нүүрс олборлодог бөгөөд олон зуун мянган ажилчид тус хотод ажиллаж, амьдарч байна.
Хэдийгээр нүүрс газрын тос, байгалийн хий зэрэг өндөр ашигтай түүхий эд биш ч, уг салбарын өнөөгийн нөхцөл байдал нь Оросын эдийн засаг гүнзгий хямралд орсныг харуулж байна.
"Оросын нүүрсний салбар 2025 оны эхний улиралд ч хүнд байдалтай хэвээр байна" хэмээн Эрчим хүч, цэвэр агаар судлалын төвийн (CREA) шинжээч Исаак Леви Newsweek сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Нүүрсний олборлолт явуулж буй "Распадская" компани 2024 онд 133 сая ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн тухайгаа 2 дугаар сарын 21-нд гаргасан компанийн санхүүгийн тайландаа дурджээ. Харин 2023 онд тус компани нь 440 сая ам.долларын ашигтай ажиллаж байсан юм.
Тус компанийн орлого огцом буурч, Өнгөрсөн оны эцсээр 87 сая ам.долларт хүрсэн. Энэ нь 2023 оны тайланд дурдсан 332 сая ам. доллартой харьцуулахад томоохон уналт аж.
Зах зээлийн нүүрсний үнийн уналт нь тус салбарт хүнд цохилт өгч, өндөр инфляцын нөлөөгөөр ажиллах хүч болон тээвэр ложистик, тоног төхөөрөмжийн зардал нэмэгдсэн хэмээн тус компанийн Удирдах зөвлөл мэдэгджээ. Зах зээлийн үнэ ханш унаж, олон улсын хориг аpra хэмжээ үргэлжилж буй энэ цаг үед тус салбар ойрын хугацаанд сэргэнэ гэх найдвар төрүүлэхгүй байна. Мөн хувьцаа эзэмшигчид ч ногдол ашиг хүртэхгүй нь бололтой.
Мөн "Мечел" компанийн орлого 2024 онд 5%-иар буурч, 335 тэрбум рубль (4.1 тэрбум доллар) болж, нийт 37 тэрбум рублийн алдагдал хүлээсэн байна.
2022 оны 4 дүгээр сараас хойш Оросын нүүрсний импортыг Европ бүрэн хориглоод байгаа юм. Хариуд нь Орос улс Хятад, Энэтхэг зэрэг орнуудтай хамтын ажиллагааraa эрчимжүүлсэн. Гэсэн хэдий ч эдгээр улсууд Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний нөлөө болон нүүрсний импортоо төрөлжүүлэх бодлого баримталж буй тул Оросын нүүрсний импортыг багасгаж эхэлсэн байна.
CREA-ийн шинжээч Леви "Newsweek" сэтгүүлд хэлэхдээ, "Оросын нүүрсний салбар 2025 онд сэргэнэ гэсэн хүлээлт байхгүй" гэжээ. Оросын экспорт оны эхний саруудад өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12%-иар буурсан. Хамгийн том худалдан авагч Хятад, болон Өмнөд Солонгос, Тайвань зэрэг орнууд руу хийх нүүрсний нийлүүлэлт ч буурсаар байна.
"Нүүрсний салбар 9.5%-ийн өндөр инфляц, 21%-ийн бодлогын хүү. төмөр замын ложистик зэрэг хүндхэн асуудлуудтай тулгарч байна" хэмээн Леви нэмж хэлэв. "Барууны хориг арга хэмжээ нь Оросын нүүрсний салбарт ихээхэн хохирол учруулсан" гэж тэрбээр мэдээлэлдээ дурджээ.
"Оросын нүүрсний салбар зах зээлийн нүүрсний үнэ ханшийн уналт, олборлолтын өртгийн нэмэгдэл зэрэг асуудлуудтай өнгөрсөн жил тулгарч байсан. Тээвэр ложистикийн үнэ өртөг, ажиллах хүчний зардал, тоног төхөөрөмж, татвар зэрэг бүх зардлууд зэрэг өссөн. Түүнчлэн олон улсын авч буй хориг арга хэмжээ тодорхойгүй хугацаанд үргэлжилж байгаа нь нүүрс олборлогч компаниудад маш том цохилт өгч, байдлыг улам хүндрүүлж байна." хэмээн "Распадская" компанийн зүгээс мэдэгджээ.
Түүнчлэн Эрчим хүч, цэвэр araap судлалын төвийн ажилтан Исаак Левийн хэлж буйгаар "Оросын эсрэг чиглэсэн эдийн засгийн хориг арга хэмжээ, Азийн томоохон худалдан авагчдын эрэлт буурсан, төмөр замын асуудлууд, дотоод эдийн засгийн нөхцөл байдал гээд энэ олон хүчин зүйл Оросын нүүрсний салбарт ноцтой дарамт учруулж байна."
Нэгдүгээр сард Оросын бизнесийн "Коммерсант" сонин нүүрсний салбарт хямрал нүүрлэж байгаа талаар "VEB. RF" хэмээх төрийн хөгжлийн корпораци дампуурч буй нүүрсний компаниудын хөрөнгийг хурааж авахаар зэхэж байна" хэмээн нийтлэлдээ дурджээ.
Үүний нэг жишээ бол Кемерово мужид байрлах "Инская" уурхай. Тус уурхай 230 сая рублийн татварын өртэй учраас дампуурахад ойрхон байгаа юм. Томоохон холдинг, корпорацид харьяалагддаггүй уул уурхайн жижиг компаниуд татварын дарамт, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа дангаараа шийдэж чадахгүй байдалд хүрээд байна.