Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ болон Хятад тарифаа бууруулахаар харилцан тохиролцсоноор газрын тосны үнэ огцом өслөө

Credits: Oilprice.com

Т.Бямбанаран 

АНУ болон БНХАУ тарифын хэмжээгээ бууруулахаар харилцан тохиролцож, дэлхийн худалдаа, эдийн засгийн тогтворгүй байдал түр намжаад байгаа билээ. Тус шийдвэрийн дараагаар газрын тосны үнэ Даваа гарагийн /2025.05.12/ өглөө 3 хувиар өссөн.

Энэ оны 5 дугаар сарын 12-ны 06:52 минутын байдлаар АНУ-ын газрын тосны гол үзүүлэлт болох “WTI” төрлийн газрын тос 3.13 хувиар өсөж, нэг баррель нь 62.93 ам.долларт хүрсэн бол олон улсын жишиг болох “Brent” төрлийн газрын тос 2.93 хувиар нэмэгдэн баррель нь 65.79 ам.доллар болжээ.

Даваа гарагийн өглөө Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд АНУ болон Хятад улс 115 хувийн тарифаа харилцан бууруулж, нэмэлт 10 хувийн тарифыг хэвээр үлдээхээр болсон гэжээ. АНУ-ын бусад арга хэмжээ хүчин төгөлдөр хэвээр үлдэх аж.

Мөн талууд 10 хувийн үндсэн тарифыг эс тооцвол бусад тарифыг 90 хоногийн хугацаанд түдгэлзүүлэхээр тохиролцсон байна.

“Дээр дурдсан арга хэмжээнүүдийг авсны дараа хоёр тал эдийн засаг, худалдааны талаар цаашид хэлэлцэх механизм байгуулахаар санал нэгдсэн” хэмээн мэдэгдэлдээ дурджээ.

“Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай хоёр их гүрэн харилцан ногдуулсан тарифаа ийнхүү түр хугацаанд бууруулах болсноор эдийн засгийн уналт бараа бүтээгдэхүүний эрэлтэд сөргөөр нөлөөлөх вий гэх болгоомжлолыг бууруулж, газрын тос болон бусад түүхий эдийн үнийг огцом өсгөлөө. Гэвч хоёр улсын байр суурь бүр мөсөн өөрчлөгдөөгүй гэдгийг санах хэрэгтэй” гэж “Saxo” банкны түүхий эдийн стратеги хариуцсан захирал Оле Хансен хэлсэн юм.

Эх сурвалж: oilprice.com