Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

ЕСБХБ Монголын 2025 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 0.4%-иар буурууллаа

 

Т.Бямбанаран

Европын Сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) 2025 оны бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа энэ оны 2 дугаар сард гаргасан урьдчилсан төсөөллөөс 0.2%-иар бууруулсан байна. Тус банкны шинээр нийтэлсэн “Бүс нутгийн эдийн засгийн төлөв” тайланд дурдсанаар ЕСБХБ-наас хөрөнгө оруулалт авдаг улс орнуудын эдийн засаг 2025 онд дунджаар 3.0% болж, 2026 онд 3.4%-д хүрч аажмаар сэргэх төлөвтэй байна. 

ЕСБХБ-ны бүс нутгуудад инфляцын түвшин сүүлийн үед сөрөг үзүүлэлттэй болж, дахин нэмэгдэх шинжтэй болсныг анхааруулжээ. Үүсээд буй инфляцын дарамт голчлон дотоодын эрэлт нэмэгдсэнээс улбаатай бөгөөд сул төсвийн бодлого болон нэрлэсэн цалингийн огцом өсөлттэй шууд хамааралтай ажээ.

Төсвийн ачаалал нэмэгдэнэ гэх таамаг дэвшүүлсэн ч ЕСБХБ-ны бүс нутгуудад улсын өр ойрын дөрвөн жилийн хугацаанд ДНБ-ий 52 орчим хувьд харьцангуй тогтвортой байна гэж тооцоолсон. Гэхдээ энэ тогтвортой байдлыг хадгалах эсэх нь засгийн газрууд санхүүгийн сахилга батыг чанд баримтлан, батлан хамгаалах, үйлдвэрлэл болон зээлийн хүүгийн зардал өсөх магадлалтай энэ үед зарим зардлаа танах зэрэг зоримог арга хэмжээ авч чадах эсэхээс ихээхэн хамаарна.

Тайланд дурдсанаар эдийн засаг, худалдааны тодорхойгүй байдал дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд эрсдэл дагуулах хандлагатайг онцолжээ. АНУ-ын зах зээлд шууд хамаарал багатай улс орнууд ч хүртэл энэ тодорхойгүй байдлын нөлөөнд өртөж, нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэлтэй тулгарч болзошгүй юм.

ЕСБХБ-ны бүс нутгуудад БНХАУ импортын гол эх үүсвэр болж байгаа бол Герман улс экспортын тэргүүлэх зах зээл хэвээр байгаа нь онцлог юм. 

Мөн ЕСБХБ-ны бүс нутгуудад хөнгөлөлттэй зээлийн оронд бонд гаргах замаар санхүүжилт татах хандлага нэмэгдэх болсон. Ингэснээр зах зээлийн хэлбэлзэл болон бодлогын тодорхойгүй байдалд бага орлоготой орнууд улам өртөмтгий болох эрсдэл дагуулж байна.

Төв Азийн бүс нутагт эдийн засгийн өсөлт 2024 онд 5.6%-тай байсан бол 2025 онд бага зэрэг буурч 5.5 хувь, 2026 онд 5.2 хувь болж аажмаар буурах төлөвтэй байна. Түүхий эдийн үнэ багассан нь Казахстан болон Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлжээ. Тус банк Монголын 2025 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 0.4%-иар бууруулж, 6.3 хувь болгоод байна. Мөн Монголоос Хятад руу экспортолдог бараа бүтээгдэхүүн, тэр дундаа түүхий эдийн хэмжээ манай улсын ДНБ-ий 62%-иас давсан тухай тайланд дурдсан юм.

Resource: EBRD

Эх сурвалж: ebrd.com