Т.Бямбанаран
Их гүрнүүдийн хоорондох геополитикийн гол нүүдэл энэ онд уул уурхайн салбарт өрнөх нь тодорхой боллоо. Худалдааны дайн улам хурцдаж, бүс нутгийн тогтворгүй байдал нэмэгдэхийн хэрээр эрдэс баялгийн зах зээл хүндэрч буй нь улам тод харагдаж байна. Энэ жил нөлөө бүхий тэргүүлэгч гүрнүүдийн гэнэтийн "нүүдэл", хурдтай өөрчлөлтөд дасан зохицох онцлог жил болох нь ээ.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) болон хамтран нэгдэх хэлцэлд (M&A) тавигдах хяналт нэмэгдэж, худалдааны маргаан үргэлжилсэн зах зээлийн тогтворгүй байдал дунд компаниуд зохицон ажиллах шаардлагатай болжээ. Ялангуяа БНХАУ-ын түүхий эдийн эрэлт суларч, нийлүүлэлт нэмэгдсэнээр зах зээлийн нөхцөл байдал эрс өөрчлөгдөж байна.
Олон улсын валютын сангийн тооцоолсноор дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн 3.2%-иар өсөх төлөвтэй байгаа хэдий ч зах зээлийн тогтворгүй байдал хэвээр байна. Хятад, АНУ болон Европын эдийн засгийн өсөлт удааширч, ам.долларын ханш нэмэгдэж, бодлогын хүүгийн хувь хэмжээ буурсан зэрэг хүчин зүйлс үүнд нөлөөлжээ.
ХЯТАДЫН ГАДАГШАА чиглэсэн ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 21.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ
Хятад улс 2000-2023 оны хооронд дэлхийн улс орнуудад нийтдээ 1.34 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс 403 тэрбум гаруй ам.доллар нь уул уурхайн болон дэд бүтцийн төслүүдэд чиглэжээ. Зөвхөн Африк тивд л гэхэд нийт 45 тэрбум ам.долларыг ашигт малтмал, газрын тос, байгалийн хий олборлох болон боловсруулах 224 төсөлд зарцуулсан байна.
Өнгөрсөн онд тус улсын гадны уул уурхайн төсөлд оруулах хөрөнгө оруулалт 21.4 тэрбум ам.долларт хүрч, зам тээврийн салбарт чиглэсэн хөрөнгөөс давсан байна.
Дээрх хөрөнгө оруулалтын ихэнх хэсэг нь Африк, Латин Америк болон Индонез дахь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын төслүүдэд зарцуулагджээ. Тэдгээрээс онцолбол, Афганистанд хэрэгжүүлж буй 5 тэрбум ам.долларын зэсийн уурхай, Гана улс дахь 1 тэрбум ам.долларын алтны уурхай, Замбийн уул уурхайн салбар дахь 5 тэрбум ам.долларын урт хугацааны хөрөнгө оруулалт болон Филиппиний хамгийн том зэсийн уурхайд хувь эзэмших зэрэг томоорхон төслүүдийг нэрлэж болох юм.
Хятад улс уул уурхайн салбараа хөгжүүлж, дараагийн шатанд гаргах ухаалаг, автомат ажиллагаатай дэвшилтэт технологиор тоноглоод байна. Шэньси мужийн "Dahaize" уурхай бол үүний тод жишээ. Тэнд хиймэл оюун ухаанд суурилсан хүнд даацын машин, дрон, роботуудыг ашиглаж, нэг ажилтан жилд 1 сая ам долларын бүтээмжтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, нэг ажилтан өдөрт 1,100 тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай техник эзэмшиж байна гэсэн үг. Хятад улс эрчим хүчний аюулгүй байдлаа хангах үүднээс нүүрсний цахилгаан станцын хүчин чадлаа тэлсээр байна. Үүний зэрэгцээ цэвэр эрчим хүчинд шилжих зорилтоо ч мөн хойш тавьсангүй.
Түүнчлэн, Хятад улс 300 гаруй дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлж, уул уурхайн үйлдвэрлэлийн нийт үнэлгээг 50.69 тэрбум ам.доллароор нэмэгдүүлж чаджээ.
Мөн өнгөрсөн онд тус улсын ГШХО-д Greenfield Investment буюу тэгээс эхэлсэн бүтээн байгуулалт" давамгайлж, нийт хөрөнгө оруулалтын үнийн дүнгийн 80%-ийг бүрдүүлсэн байна. Уул уурхай, газрын тос боловсруулах үйлдвэр, зай хураагуурын үйлдвэр зэрэг төсөв, санхүү ихээр шаардах төслүүд ихэнх хэсгийг эзэлсэн аж. Компаниуд нэгдэн нийлэх, худалдан авах хэлцлүүдийн үнийн дүн дунджаар 133 сая ам.долларт хүрч, 2017 оны оргил үеийн түвшинд дөхөж очсон байна.
ХЯТАД УЛС ГЕОЛОГИ ХАЙГУУЛД ЖИЛ БҮР 13.8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛЖ БАЙНА
Дэлхийн банкны таамаглаж буйгаар 2050 он гэхэд цэвэр эрчим хүчний технологийн хэрэгцээ нэмэгдэж, бал чулуу, литий, кобальт зэрэг зарим критикал минералын олборлолт 2018 оныхтой харьцуулахад 500%-иар өсөх төлөвтэй байна.
Дээрх ашигт малтмал нь цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд зайлшгүй хэрэгцээтэй гэдгийг нурших нь илүүц биз ээ.
Хятадын давуу тал нь эдгээр чухал ашигт малтмалын салбарт илт давуу байр суурь эзэлж буйд оршино. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр 44 критикал минералын 30-ыг Хятад улс ихээр үйлдвэрлэдэг, Тодруулбал, олон улсын хэмжээнд литийн үйлдвэрлэлийн 70 гаруй хувь, кобальтын 60%, газрын ховор элементийн 85% нь дан ганц тус усад хамаарч байна.
Сүүлийн үед худалдааны маргаан эрчээ авч буйтай холбоотойгоор үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд Бээжин гянтболд зэрэг гол түүхий эдийн экспортыг хязгаарласан. Мөн тус улс 2022 оноос хойш геологи хайгуулд жил бүр 13.8 тэрбум ам.доллар зарцуулж байгаа нь сүүлийн 10 жилд байгаагүй их хэмжээний хөрөнгө оруулалт юм. Энэ нь Хятад улс дотоод нөөцөө бэхжүүлэхийн зэрэгцээ гадагшаа чиглэсэн стратегийг давхар баримталж байгаагийн илрэл. Европын Холбоо болон Япон, АНУ зэрэг орнууд Хятадын энэхүү ноёрхолд санаа зовниж буйгаа илэрхийлсээр байна.
Хятадын ашигт малтмалын нөөцийн 2024 оны тайланд дурдсанаар, газрын тос, байгалийн хий болон бусад ашигт малтмалын геологи хайгуулд зарцуулах хөрөнгө оруулалт 3 жил дараалан тасралтгүй өссөн гэсэн тоо бий.
Эх сурвалж: БНХАУ-ын Байгалийн нөөц, баялгийн яам
БНХАУ-ын Байгалийн нөөц баялгийн яам 2025 онд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын хайгуулд мэдэгдэхүйц ахиц гарсныг зарласан. Үүнд, ураны 10 том орд, тус бүр нь 1 тэрбум тонноос давсан нөөцтэй газрын тосны 10 орд, мөн тус бүр нь 100 тэрбум шоо метрээс илүү нөөцтэй байгалийн хийн 19 орд шинээр илэрчээ.
2024 онд Хятадын Засгийн газар 1400 гаруй нутаг дэвсгэрт критикал минералын хайгуул хийх эрхийг олгосон явдал нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. XIV таван жилийн төлөвлөгөөний хугацаанд нийт 54.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүний 92%-ийг хувийн хэвшил бүрдүүлжээ.
Хятад улс 2023 онд ашигт малтмалын нийт 124 шинэ орд нээн илрүүлсэн байна. Тодруулбал, газрын тос, байгалийн хийн нөөцөөс гадна зэс, алт, литий, фосфор зэрэг чухал түүхий эдийн олдворууд багтжээ. Эдгээр орд голчлон Шинжаан Уйгарын өөртөө засах орон болон Бохайн буланд оршдог аж. Хятадын ашигт малтмалын салбартаа баримталж буй бодлого стратеги зөвхөн хөрөнгө оруулалтаар хязгаарлагдахаа больжээ. Төрийн оролцоо идэвхжиж, байгалийн баялгийн үндсэрхэг үзэл бий болж, дотооддоо хэрэгцээгээ хангахыг зорих болсон байна. Өнгөрсөн онд Хятадын 34 мужийн тал хувь нь ашигт малтмалын хайгуулд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлсэн юм.
БНХАУ анх 2013 онд "Бус ба Зам санаачилгыг дэвшүүлж, хөгжиж буй орнуудын дэд бүтцэд хөрөнгө оруулж, хариуд нь урт хугацаанд өгөөж erex байгалийн нөөцийг нь импортоор авч байв. Тус улс 2023 онд Африкт нийт 21.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан бол 2024 онд "Бус ба Зам" санаачилгын хүрээнд 29.2 тэрбум ам.долларыг зарцуулжээ. Хятад улс Африкийн хэд хэдэн орон, Латин Америкийн Боливи болон Чили, мөн Индонезид хамгийн их хөрөнгө оруулжээ.
Дээрх санаачилгын хүрээнд нийт хөрөнгө оруулалтын 33%-ийг эрчим хүчний салбар эзэлсэн нь анхаарал татаж байна. Харин уул уурхайн салбар ойролцоогоор 17.6%-иар удаалжээ.
БАРУУНЫ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ
Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай их гүрнүүд стратегийн чухал нөөц баялгийн төлөө өрсөлдөж байна. Гэвч барууны орнууд энэхүү өрсөлдөөнд Хятадаас нэлээд хоцорч яваа гэж судлаачид дурдав. АНУ 2023 онд Африкт 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд үүнээс 300 сая орчим нь критикал минералын салбарт нийлүүлжээ. Энэ нь тухайн жилийн АНУ-ын нийт хөрөнгө оруулалтын ердөө 4%-ийг эзэлж байв. АНУ нь Австрали, Канад зэрэг орнуудтай хамтарч, хүч хавсрахаар зорьж байгаа ч цар хүрээ болон нөлөөллийн хувьд, ялангуяа Африк тивд Хятадыг хараахан гүйцэхгүй байгааг судлаачид хэлж байна.
Түүнчлэн Вашингтон уул Уурхайн салбарт Хятадаас хэт хамааралтай байдлаа бууруулахын тулд олон улсын тавцанд хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. Тухайлбал, Ашигт малтмалын аюулгүй байдлын түншлэл болон "QUAD"-ын Критикал минералын түншлэл зэргийг дурдаж болно. Эдгээр санаачилгын хүрээнд чухал ашигт малтмалаар баялаг Австрали улстай илүү ойр хамтран ажиллах аж.
Уул уурхай бол Австралийн экспортыг нуруун дээрээ үүрч яваа салбар билээ.
Сүүлийн арван жилийн хугацаанд тус улсын уул уурхайн салбар эдийн засагт 2.4 их наяд ам.доллар оруулсан. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбар тус улсын эдийн засгийн өсөлтийн 21%-ийг бүрдүүлжээ. Австрали улсад хэрэгжиж буй нийт 50 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 100 гаруй уул уурхайн төсөл бий. 30 мянган бүтээн байгуулалт болон барилгын талбарт 20 мянган урт хугацааны ажлын байр бий болох боломжтой аж.
Хүн төрөлхтөн олон сорилттой тулгарч байгаагийн нэг нь уур амьсгалын өөрчлөлт. Үүнтэй уялдан 2030 он гэхэд дор хаяж литийн 50, никелийн 60, кобальтын 17 уурхай шинээр хэрэгтэй болно. Түүнчлэн дэлхийн улс орнууд 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэглэх зорилго дэвшүүлсэн. Үүнд шаардлагатай эрдэс баялгийг олборлохын тулд уул уурхайн нийт хөрөнгө оруулалт өнөөгийн түвшнээс жил бүр 100 тэрбум ам.доллароор нэмэгдэх ёстой.
АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй стратегийн Өрсөлдөөн нь критикал минералын салбарт хүчтэй нөлөө үзүүлж байгаа нь тодорхой болсон. Мөн улс орнууд Хятадаас хамаарлаа бууруулах арга хэмжээ авч, уул уурхайн хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж байна. Европын Холбоо болон бүс нутгууд дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн өөр сүлжээ үүсгэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэргээр хариу үйлдэл үзүүлж байна.
Байгалийн баялгийн арвин нөөцтэй Мексик, Чили, Зимбабве, Индонез зэрэг орнууд ашигт малтмалынхаа нөөцөд тавих хяналтаа чангатгаж эхэллээ. Тэд түүхий эдээ Дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээх зорилгоор хууль тогтоомжоо шинэчилж, экспортын хязгаарлалт тогтоох болсон байна. Ийнхүү геополитикийн ээдрээтэй цаг үед улс орнууд уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, бусад орноос хамааралтай байдлаа багасгахаар зэхэж байна.
МАНАЙ УЛС ЭНЭ ОНД ГЕОЛОГИЙН СУДАЛГААНД 20 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Монгол орны хувьд 2,726 тусгай зөвшөөрөл олгосон байгаа нь нийт газар нутгийн 4.4%-ийг хамарсан талбай юм. Үүний 943 нь хайгуулын, 1,759 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл аж.
Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолын дагуу 8.4 сая га талбайг сонгон шалгаруулалтаар олгох боломжтой болсон бол үүн дээр 2023 оны 447 ба 268 дугаар тогтоолоор 8.6 сая га талбай нэмэгдсэн. Ийнхүү нийт 17 орчим сая га талбайгаас 2.8 сая га-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байдаг.
"Монголын геологи, хайгуул-2025" чуулга уулзалтын үеэр хэлэлцсэн илтгэлд, "Монгол Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн геологийн судалгаанд 2020 онд 20.19 тэрбум төгрөг зориулж байсан. Харин өнгөрсөн онд 24.55 тэрбум төгрөгт хүрсэн" хэмээн дурджээ. Геологийн судалгааны хүрээнд сүүлийн жилүүдэд агаарын геофизикийн, гео орчны болон эрдэс баялгийн судалгаа хийсэн байна.
2020-2024 онд хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнгээс цухас дурдвал 93.27 тонн алт, 24.7 сая тонн зэс, 298.5 тонн мөнгө, 335 мянган тонн хар тугалга, 102.4 сая тонн газрын ховор элемент, 35 сая тонн нүүрсний нөөц илрүүлжээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын А/91 дүгээр тушаалын дагуу 2025 онд 20 тэрбум төгрөгийг геологийн судалгаанд төсөвлөжээ. Үүнээс 9.6 тэрбумыг сэдэвчилсэн судалгаанд. 9.1 тэрбумыг геологийн зураглалд, 0.8 тэр бумыг хамтын ажиллагаанд зарцуулах аж.