Уул уурхайн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний салбарт дэлхийд тэргүүлэгч Австралийн "Орика" групп дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байна. "Орика Монголиа" ХХК нь Монгол Улсад 2004 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монголын зэс болон алтны уурхайд тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлж, дэлхийд танигдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэн хамтран ажиллаж буй арвин туршлагатай.
Улаанбаатар хотноо 14 дэх удаагаа зохион байгуулагдсан "Mongolia Mining 2025" Олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн үеэр "Орика" группын Бүс нутаг хариуцсан менежер Михаил Сафронов, Азийн бүсийн цахим шийдлийн менежер Чандра Будиман, Техникийн үйлчилгээний ахлах менежер Архалых Шарип нартай уулзаж, тус компанийн үйл ажиллагааны талаар ярилцлаа.
Австралийн "Орика" групп 150 гаруй жилийн түүхтэй, дэлхийн шилдэг компаниудын нэг. Компанийнхаа талаар товчхон танилцуулна уу?
М.С: "Орика" групп тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюулгүй ажиллагаа, уул уурхайн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бүтээгдэхүүний чанар, борлуулалтын тоо хэмжээгээрээ харилцагчдын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн баталгаа зэрэг үзүүлэлтүүдийг бүрэн хангасан дэлхийд тэргүүлэгч компани юм.
Ч.Б: Бид тэсрэх бодис нийлүүлэхээс гадна тус салбарын хурдацтай хөгжилтэй уялдан тэсэлгээний электрон систем нэвтрүүлэн, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэл хийж, уул уурхайн салбарт цахим шийдлүүдийг санал болгож байна. Манай компанийн эзэмшиж буй цахим технологи нь уул уурхайн бусад технологитой хослон эрдэс түүхий эдийн олборлолтын үр ашиг, хүчин чадал, бүтээмжийг нэмэгдүүлдэг.
А.Ш: Би "Орика" компанийн тэсэлгээний ахлах инженер, одоо "Оюу Толгой" уурхайд ажиллаж байна. Манай багт 6 монгол инженер, 1 гадаад ахлахтай, "Орика"-гийн бүтээгдэхүүний чанарын хяналт, үйлчилгээ сервис үзүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. 2016 оноос хойш "Орика" Оюу Толгойн уурхай дээр үйл ажиллагаа явуулж байна. Ил болон гүний уурхайд тэсэлгээний цахим систем ашигладаг. "Орика"-гийн практикийг амжилттай нэвтрүүлсэн.
Тус групп дэлхийн олон оронд салбартай. Сүүлийн жилүүдэд Азийн бүс нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. Тэр дундаа Монголын зах зээл танай компанийн хувьд хэр чухал вэ? Яагаад Монголыг сонирхох болов?
М.С: Манай баг Азийн бүс нутгийг төлөөлж ажилладаг. Бид уул уурхай хөгжсөн Зүүн өмнөд Азийн Филиппин. Индонези зэрэг улс орнуудад салбараа нээж, ажиллаад удаж байна. Мөн Энэтхэг дэх үйл ажиллагаа, бизнесээ өргөжүүлж байна. Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар хурдтай хөгжиж, дэвшилтэт техник технологи өргөн нэвтэрч байна. Энд бид бизнесээ өргөжүүлэх маш том боломжийг олж харсан. Манай компани Монголд үйл ажиллагaa явуулсан 20 жилийн хугацаанд тодорхой зах зээл эзэлсэн ч, цаашид улам өргөжих боломж байна гэж бид үзэж байна.
Ч.Б: Олон улсын тэргүүлэгч компаниуд Монголд үйл ажиллагаа явуулах, шинэ техник технологи нэвтрүүлэх сонирхол их бий. Тиймээс бид ч хамгийн шилдэг технологио танилцуулах хүсэлтэй байна. Зөвхөн бизнесээ өргөжүүлэхийг зориогүй. Монголын уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлуудыг цахим технологийн тусламжтай шийдвэрлэж, шийдлүүдийг боловсруулах зэргээр цаашид улс орны хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулахыг хүсэж байна.
Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүд болон хамтран ажиллах санал, шийдлүүдээ танилцуулна уу?
М.С: Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн эзэмшлийн болон хувийн хэвшлийн томоохон компаниудтай хамтран ажиллах сонирхолтой байна. Бидэнд Монголд тодорхой зах зээл бий гэдэгт итгэлтэй байна. Манай компани Монголд илүү их хувь нэмэр оруулж, үйлчилгээ, бүтээгдэхүүнээ танилцуулах, технологи нэвтрүүлэх илүү боломжтой цоо шинэ төслүүд дээр анхаарлаа хандуулж байна.
Ч.Б: Монголын уул уурхайн салбар эрчимтэй урагшилж байгаа ч дараагийн шатанд шилжих цахим технологи нэвтрүүлснээр хөгжил нэг шат ахина гэж бодож байна. "Орика" группын дэлхийн бусад орнуудад нэвтрүүлж буй цахим технологийн үр дүнд төслүүдийн үр өгөөж, ил тод байдал, оновчтой шийдвэр зэрэгт ахиц гарч, хурдтай хөгжлийн гарц нээгдэж байна. Бид үүнийг Монголд авчрахыг хүсч, зорьж байна.
А.Ш: "Орика" групп дэлхийн олон оронд нэвтрүүлсэн тэсэлгээний технологийг хөгжүүлээд 150 гаруй жил болж байгаа бөгөөд олон жил хуримтлуулсан туршлага, технологио Монголд танилцуулахыг хүсэж байна. Монголын мэргэжилтнүүд манай технологийг эзэмшихийг хүсэж байгаа гэдэгт итгэлтэй байна.
"Mongolia Mining-2025" олон улсын уул уурхайн үзэсгэлэн худалдаанд танай компани идэвхтэй оролцож байна. Энэ удаа ямар технологи, тоног төхөөрөмжийг Монголд танилцуулж байна вэ?
М.С: "Орика" групп маш хурдацтай хөгжиж байна. Өнгөрсөн хугацаанд бид 1 тэрбум гаруй долларыг цахим технологийн хөгжилд зарцуулсан. Манай компанийн хэрэгжүүлж буй төслүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа ч салбарт гарч буй өөрчлөлт шинэчлэлийг танилцуулах, энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр үйл ажиллагаагаа Монголын уул уурхайн компаниудад илүү ойртуулахын тулд энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож байна.
А.Ш: Монгол бол шинэ, эрчимтэй хөгжиж буй зах зээл. Монголд цахим технологио танилцуулахад хэрэглэгчид сайн хүлээж авсан. Энэхүү үзэсгэлэнгийн үеэр манай технологийг үйлдвэрлэлд хэрхэн ашиглаж, уул уурхайн үйл ажиллагааг хэрхэн сайжруулж болохыг та бүхэн харж болно. Бид ч бас мэдлэг, туршлагаа бусад компани, харилцагчидтай хуваалцахад бэлэн байна.
Танайх маш сайн, орчин үеийн технологитой. Энэхүү технологийг Монголын нөхцөлд хэрхэн ашиглах вэ?
М.С: "Орика" групп нь сүүлийн жилүүдэд цахим шийдэл, цахим бүтээгдэхүүний хөгжилд онцгой анхаарал хандуулж, олон зуун сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна. Shotplus, BlastIQ, Fragtack, OrePro, Rhino зэрэг бүтээгдэхүүнүүдийг Монгол Улсад түгээмэл ашиглан хэрэглэж байна.
Манай гол үйлчлүүлэгчдийн нэг бол олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч зэсийн "Оюу толгой" компани. 2016 оноос эхлэн "Оюу толгой" компанийн ил болон гүний уурхайд "Орика"-гийн электрон тэсэлгээний системийг ашиглан, өндөр чанартай үйлчилгээ үзүүлж, шилдэг туршлагуудаа хуваалцаж байна.
Бид тус компанийн уурхай дээр технологио 5 жил туршиж, нэвтрүүлсэн. Манай зарим технологи, ялангуяа цахим технологи, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд маш их мэдрэмтгий бас тэсвэртэй. Тиймээс бид Монголын эрс тэс говийн бүсэд технологио амжилттай туршсан.
Хэрвээ бүтээгдэхүүний тохиргоо анхнаасаа сайн, чанартай хийгдсэн бол хаана ч ажиллаж болно гэж үздэг. Дэлхийн аль ч өнцөг буланд манай компанийн эзэмшиж буй технологийг угсарч тохируулж, ашиглах боломжтой байдгаараа давуу талтай.
Ч.Б: Монгол бол байгалийн өвөрмөц тогтоцтой, орчин нөхцөлтэй, тиймээс бид энд ажиллаж байхдаа байнга суралцаж, ихээхэн туршлага хуримтлуулж, технологио илүү сайжруулж байна. Дэлхийн аль ч оронд бид дасан зохицох чадвартай бөгөөд бүтээгдэхүүнийхээ чанарыг дээшлүүлэхийг байнга эрмэлздэг.
Компанийн тогтвортой байдал, аюулгүй ажиллагааны стандарт, шаардлагуудыг танилцуулна уу? Өнгөрсөн хугацаанд Монголд хэрхэн нэвтрүүлж, мөрдөн ажиллаж байна вэ?
М.С: Компанийн тогтвортой үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, стандартыг мөрдөх нь "Орика" компанийн үнэт зүйлс. Бид өдөр тутмын үйл ажиллагаанд эдгээр зарчмуудыг тогтмол баримталдаг.
Жишээ нь бид олон улсын нэгэн компанитай гэрээ байгуулахаас татгалзсан. Учир нь манай ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал эрсдэлд орох магадлалтай байсан. Ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах нь манай гол зорилго. Бид дотоод болон гадаадад аюулгүй байдлыг хангах бүх журмаа чанд сахидаг. Та манай үйлдвэр дээр ирж сонирхох юм бол бид хэрхэн стандартуудаа мөрддөгийг харж болно.
Ч.Б: Бид аюулгүй ажиллагааг цахим технологиор хянадаг. ОгеРго 3D, BlastIQ зэрэг технологийн тусламжтай эрсдэлээс урьдчилан сэргийлж болно. Эдгээр технологи нэвтрүүлж, уул уурхайн хүнд нөхцөл дэх үйл ажиллагааны аюулгүйн шаардлага, стандартуудыг байнга дээшлүүлдэг.
А.Ш: "Оюу толгой" компани аюулгүй ажилла гааны дүрэм, журам нарийн баримталдгаараа тэргүүлдэг төдийгүй тус компанитай хамтран ажиллаж байгаадаа бахархдаг. Манай хоёр компани тогтвортой байдал, ажлын байран дахь аюулгүй ажиллагааг эрхэмлэдэг.
"Орика Монголиа" компани монгол ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэхэд хэрхэн анхаардаг вэ?
М.С: "Орика" бол дэлхийн том компани. Бид аль ч улс оронд ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхийг зорьдог. Бид шинэ төсөл эхлүүлэхдээ гаднаас туршлагатай мэргэжилтэн, менежерүүдээ урьж, орон нутгийн багтай хамтран ажилладаг байсан. Эдгээр гадны мэргэжилтнүүд дотоод ажилтнуудыг сургаж, туршлагаа хуваалцаж, манай үнэт зүйлсийг тэдэнд дамжуулж, хамтын ажиллагаагаа бэхжүүлдэг.
Бид хамтын зорилго, зорилтуудаа хамтран хэрэгжүүлэхэд анхаардаг. Одоо монголчууд манай бизнесийг удирдан авч явж байна.
Дэлхийн болон Монголын уул уурхайн салбарт мэдэгдэхүйц өөрчлөлт, хувьсал ажиглагдаж байна. Танай компанийн урт хугацааны төлөвлөгөө юу вэ? Цаашид хэрхэн ажиллах вэ?
М.С: Дэлхий дахинаа хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийг бизнесийн төдийгүй олон салбарт ашиглаж эхэлсэн, тэр дундаа уул уурхайн салбарт эрчимтэй нэвтэрч байна. "Орика" компани хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, уул уурхайн үйл ажиллагааг сайжруулж байна. Жишээ нь бид тэсэлгээний үед чулуу хэрхэн хагарч, бутарч байгааг хиймэл оюун ухааны тусламжтай нарийн судалж, үйлдвэрлэлийн зардлыг хэрхэн бууруулах аргуудыг боловсруулдаг.
Ази тивд анх удаа Энэтхэгт Төгс байдлын төв байгуулж, олон улсад ажиллаж буй инженер, шинжээчдэд технологийн туслалцаа үзүүлдэг. Манай энэ төв хиймэл оюун ухаан ашиглан үйл ажиллагаагаа илүү оновчтой, үр ашигтай явуулдаг. Энэ бол хиймэл оюун ухаан уул уурхайн салбарыг хэрхэн өөрчилж байгаагийн тод жишээ юм.
Монголд ч мөн ялгаагүй Орос, Хятад, Индонезитой адил хиймэл оюун ухааныг өдөр тутмын ажилдаа өргөн нэвтрүүлж, инновац, үр ашгийг нэмэгдүүлж байна. Цаашдаа ч хиймэл оюун ухаан уул уурхайн салбарын хөгжилд гол нөлөө үзүүлсээр байх болно.