ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар тавдугаар сарын 9-нд Москва хотод болох Ялалтын баярын арга хэмжээний үеэр олон жил зогсонги байдалд орсон “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн талаар дахин ярилцана хэмээн Блүүмберг мэдээллээ.
В.Путин анх 2022 онд “Сибирийн хүч 2” төслийг Ши Жиньпинд санал болгож байсан. Хятад улс уг төслийг хараахан зөвшөөрөөгүй байгаа бөгөөд уг хоолойгоор дамжуулах байгалийн хийг Оросын дотоодын үнээр худалдан авах саналаа илэрхийлсэн.
Блүүмберг нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан "Хятад улс Оросын дотоодын үнэ ханш болон Хятад улсын худалдан авч буй одоогийн ханштай харьцуулсан үнээр тооцож магадгүй” гэж мэдээллээ.
Хэлэлцээ сэргэсэн ч энэ удаагийн айлчлалын үеэр эцсийн гэрээнд гарын үсэг зурахгүй гэж эх сурвалжууд Блүүмберг агентлагт мэдээлэв.
“Сибирийн хүч - 1” дамжуулах хоолой 2019 онд ашиглалтад орсон. 2023 оны эцэс гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, жилд 38 тэрбум шоо метр хий дамжуулж эхэлсэн.
Хоёрдахь төсөл хэрэгжвэл, өмнө нь Европд нийлүүлж байсан Оросын Ямал ордын хийг Монголоор дамжуулан Хятад руу нийлүүлэх аж. Харин Хятадын албаны мэдээлж буйгаар “Энэ удаад Монголоор дамжуулахгүй, Хятад руу шууд нийлүүлэх хоолойн маршрут гаргахыг хүсэж байгаа сурагтай” хэмээн Блүүмберг мэдэгдэв.
Хэрвээ Хятад руу боломжит бүх хоолойгоороо хий дамжуулвал жилд ердөө 98 тэрбум шоо метр нийлүүлэх боломжтой. "Сибирийн хүч - 1" хоолойгоор 38 тэрбум шоо метр хий, "Сибирийн хүч - 2" хоолойгоор 50 тэрбум шоо метр, Алс Дорнодоор 10 тэрбум шоо метр байгалийн хийн нийлүүлнэ.
Оросын байгалийн хий Украинаар дамжих нь зогссонтой холбоотойгоор ОХУ-аас Европ болон Туркт нийлүүлэх хийн хэмжээ 2024 оноос 10 тэрбум шоо метрээр буурч, энэ онд 40 тэрбум шоо метр хүрэх төлөвтэй гэж BCS таамаглаж байна.
Үүнээс гадна Европын Холбоо Оросын эрчим хүчний импортыг бүрмөсөн зогсоохыг эрмэлзэж байна.
Европын Комисс Оросын байгалийн хийн импортыг 2027 оны эцэс гэхэд зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа. Уг төлөвлөгөөний дагуу Европын эрчим хүчний компаниуд Оросуудтай хийсэн байгалийн хийн гэрээнийхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.
“Газпром” нэгэн цагт Европ дахь Оросын эдийн засгийн нөлөөллийн гол төв байсан. Одоо тус компани энэ онд Европ, Турк руу ердөө 47 тэрбум шоо метр экспорт хийнэ гэж тооцоолж байна. Энэ нь 2019 оныхоос тав дахин бага аж. 2025-2034 оны хооронд Газпром 15 их наяд рублийн орлого (179 тэрбум ам.доллар) төсөвт оруулна гэж төлөвлөж байна.
Эх сурвалж: themoscowtimes.com