П.Жаргалсүрэн
Энэтхэгийн төрийн өмчит гангийн томоохон үйлдвэрлэгч болох Steel Authority of India Limited (SAIL) компани Монгол Улсаас коксжих нүүрсийг анх удаа туршилтаар импортлохоор болсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Монгол Улсаас 1 тонн коксжих нүүрсийг тээвэрлэх ба уг тээвэрлэлт агаарын тээврээр хийгдэх магадлалтай байна.
Гэхдээ логистикийн нөхцөл байдлаас шалтгаалан, Монголын нүүрсийг БНХАУ-аар дамжуулан тээвэрлэх хувилбар ч бас яригдаж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ. Учир нь энэ асуудал олон нийтэд албан ёсоор зарлагдаагүй байгаа юм.
Хэрэв анхны туршилтын дээжийн чанарын үзүүлэлтүүд сайн гарвал, SAIL компани цаашид Монгол Улсаас 75,000 тонн нүүрс импортлох төлөвлөгөөтэй байгаа талаар мөн эх сурвалжууд дурдсан байна.
Монгол Улсын Засгийн газар болон SAIL компани энэ талаар сэтгүүлчдийн асуултад одоогоор хариулаагүй байгаа юм.
Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт ордог Энэтхэг улс коксжих нүүрсний нийт хэрэгцээнийхээ 85 орчим хувийг импортоор хангадаг бөгөөд үүнээс ихэнхийг Австралиас авдаг. Австралид хэт найдах хандлагаа бууруулахын тулд Энэтхэг улс өндөр чанарын нүүрсний өөр эх үүсвэрийг эрэлхийлж байгаа ба нөөц арвин, үнэ боломжийн Монгол Улсыг боломжит түншээр нэрлээд байна.
Гэвч Монголын газарзүйн байршил болон дэд бүтцийн хязгаарлалт нь логистикийн хувьд хүндрэл дагуулсаар байгаа аж.
Энэтхэгийн Гангийн яамны ахлах албан тушаалтан Сандийп Поундрик өнгөрсөн сард хэлэхдээ, Монгол Улсаас их хэмжээний ачаа тээвэрлэх нь одоогоор ч хүнд хэвээр байгааг онцолжээ. Тэрээр мөн гангийн үйлдвэрүүдийн хүчин чадал нэмэгдэж буйтай холбоотойгоор коксжих нүүрсний хомсдол үүсэж, импорт нэмэгдэх хандлагатай байгааг дурдсан байна.
Энэтхэгийн гангийн үйлдвэрүүд Австралиас хараат байдлаа бууруулахын тулд Мозамбик, Орос, АНУ, Канад, Индонези зэрэг улсуудаас нүүрс нийлүүлэх боломжийг идэвхтэй судалж байгаа аж.