Ч.Сансар
Оросын “Росатом” Финландын Fortum болон Outokumpu компаниудыг Hanhikivi-1 атомын цахилгаан станцын гэрээг цуцалсан гэж шүүхэд өгч, хохирлын нөхөн төлбөрт 227.8 тэрбум рубль (2.8 тэрбум доллар) нэхэмжлэхээр боллоо.
Атомын цахилгаан станц барих гэрээг "хууль бусаар цуцалсан", "хувь нийлүүлэгчдийн гэрээ, шатахуун нийлүүлэх гэрээг зөрчсөн, зээл төлөхөөс татгалзсан" зэрэг үндэслэлээр "Росатом" хохирлоо барагдуулахыг хүсэж байгаа гэж тус компани мэдэгдлээ.
6.5-7 тэрбум еврогийн хөрөнгө оруулалттай, 1.2 ГВ хүчин чадалтай станцыг барих гэрээг талууд 2013 онд байгуулсан. Харин Финландын тал уг гэрээг 2022 оны 5 дугаар сард буюу барилгын ажил эхлэхээс өмнө цуцалсан. Төслийн бүтээн байгуулалт урт хугацаагаар саатсан, Орос-Украины дайны улмаас геополитикийн нөхцөл байдал хүндэрсэн, төсөл хэрэгжих эсэх нь эргэлзээтэй байгаа зэрэг үндэслэлээр Финландын тал ийм шийдвэр гаргажээ.
Финландын Fennovoima консорциум олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргаж, 1.7 тэрбум еврогийн урьдчилгаа төлбөрийг буцааж өгөхийг шаарджээ. "Росатом" компани сөрөг нэхэмжлэл гаргаж, хариуд нь гурван тэрбум евро нэхэмжилсэн. Тус хэргийг олон улсын арбитрын шүүхээр хэлэлцэж байгаа.
Fortum компани нь Оросын эрчим хүчний салбарт гадаадын томоохон хөрөнгө оруулагч байсан. Гэвч 2023 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины зарлигийн дагуу Fortum-ын долоон дулааны цахилгаан станц, хамтарсан салхи нарны цахилгаан станцуудыг Орос улс түр хугацаагаар эзэмших эрхтэй болсноор тус компани Орос дахь бүх хөрөнгөө алдсан юм.
Эх сурвалж: reuters.com