Т.Бямбанаран
Рио Тинто группийн эзэмшдэг “Диавик” алмазны уурхай нь Канад улсын Баруун хойд бүсэд оршдог. Энэхүү уурхай 3.5 мегаваттын хүчин чадалтай нарны цахилгаан станц барьж, уурхай хаагдахаас нэг жилийн өмнө ашиглалтад оруулжээ.
Ийнхүү сэргээгдэх эрчим хүчинд оруулсан хүчин чармайлтынхаа хариуд “Тогтвортой уул уурхайн төлөө” хүрээлэн буй орчны шагнал хүртсэн байна. Уг шагналыг жил бүр Канадын Уул уурхайн Ассоциациас олгодог ажээ.
Өнгөрсөн 7 дугаар сард ашиглалтад орсон уг бүтээн байгуулалт нь Канадын хойд бүс нутагт байрлах хамгийн том нарны цахилгаан станц болоод байна. 2026 онд эхлэх уурхайн хаалтын үйл ажиллагааны үеэр нийт цахилгаан хэрэгцээний 25 хүртэлх хувийг хангах зориулалттай.
Дизель түлшний хэрэглээг мэдэгдэхүйц бууруулна
Станц жил бүр ойролцоогоор 4.2 сая киловатт/цаг цахилгаан үйлдвэрлэж, 1.1 сая литр дизель түлшний хэрэглээг хэмнэх ач тустай. Улмаар жилд 2,900 тонн хүлэмжийн хий буюу нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, 630 автомашиныг хэрэглээнээс хассантай дүйцнэ гэсэн үг.
Диавик уурхайн үйл ажиллагаа хариуцсан захирал Мэттью Брин хэлэхдээ, “Энэ шагнал нь байгаль орчинд хүлээсэн үүрэг, хариуцлага болон хамтран ажиллагч түншүүдтэйгээ хийж буй үр дүнтэй, хамтын ажиллагааны илрэл юм. Уг төсөл нь Канадын хойд бүсэд сэргээгдэх эрчим хүчний томоохон шийдлүүдийг хэрэгжүүлэх боломж, нөхцөл бий гэдгийг харуулж байна. Мөн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулах хүчин чармайлтад хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна” гэжээ.
Энэхүү төсөлд Канадын Баруун хойд бүсийн засгийн газраас 3.3 сая канад долларын санхүүжилт олгожээ. Тус станцад нийт 6,620 нарны хавтан суурилуулжээ.
Эх сурвалж: mining.com