Гадаад хүчин зүйлээс шалтгаалж шатахуун тасалдахаас сэргийлэх зорилгоор Монгол Улс ОХУ-тай агаарын тээврийн түлшийг тогтвортой нийлүүлэх 20 жилийн гэрээг байгуулахаар бэлтгэж байна.
Засгийн газар үүнийг эрчим хүчний аюулгүй байдлыг хангах стратегийн алхам гэж үзэж байгаа ч санал болгож буй хэлэлцээр нь хууль тогтоогчид болон олон нийтийн дунд түгшүүр төрүүлж, ийм урт хугацааны гэрээ байгуулах нь Монгол Улсын үндэсний ашиг сонирхолд нийцэж байгаа эсэх талаар олон хүн эргэлзэж байгаа билээ.
Монгол улс шатахууны 97 орчим хувийг ОХУ-аас импортолдог. Энэ нь Монголыг эдийн засгийн хувьд ОХУ-тай нягт холбож байгаа аж. Орос улс Монголыг эрчим хүчнийхээ найдвартай, чухал хэрэглэгч гэж үздэг. Харин Монгол Улсын хувьд дотоодын эрчим хүчний салбар нь дөнгөж хөгжиж байгаа тул эрчим хүчний хангамжаа төрөлжүүлэх нь урт хугацааны стратегийн зорилт хэвээр байгаа билээ.
Гол асуудал нь энэхүү гэрээгээр онгоцны түлшний нийлүүлэлтийг хариуцах хоёр улсын хамтарсан төрийн өмчит компани байгуулагдаж байгаад оршиж байгаа юм.
Гэрээний дагуу Монголын “Эрчис ойл” ХХК 60%, ОХУ-ын “Роснефть Аэро” үлдсэн 40%-ийг эзэмших юм. Гол анхаарал татаж байгаа асуудал нь гэрээний хугацаа. 20 жилийн хугацаатай энэхүү гэрээ нь Монголын эрчим хүчний салбарын хөгжил, гадаад бодлогын уян хатан байдлыг хязгаарлаж болзошгүй гэж шүүмжлэгчид үзэж байна.
Уг гэрээ богино хугацаанд шатахууны тогтвортой байдлыг хангах боломжтой байж болно. Харин урт хугацаанд Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг сайтар судлах шаардлагатай. Монгол улс нэг талаас эрчим хүчний хараат байдалтай, нөгөө талаас гадаад болон эдийн засгийн бодлогын хүрээнд стратегийн бие даасан бодлого явуулахыг эрмэлздэг. Тиймээс уг гэрээ нь энэ хоёр ялгаатай байр суурийн хоорондох зөрчлийг улам гүнзгийрүүлэх эрсдэлтэй гэж шижээчид үзэж байгаа аж.
Эх сурвалж: thediplomat.com