П.Жаргалсүрэн
Ухаалаг утас, цахилгаан тээврийн хэрэгсэл, чиглүүлэгч пуужин, хиймэл дагуул зэрэг бүх зүйлд чухал ач холбогдолтой 17 төрлийн эрдэс бодис бүхий газрын ховор элементийн (ГХЭ) дэлхийн нийлүүлэлтэд Хятад улс ноёрхож байна.
АНУ-ын ГХЭ импортын 70 хувийг Хятад эзэлж, тус улсын хамгийн том нийлүүлэгч байсаар байна. Үүний дараа Малайз, Япон, Эстони улсууд орж байна.
“Ховор” нэртэй ч эдгээр элементүүд нь дэлхийн царцдаст харьцангуй элбэг байдаг. Гол асуудал нь тэдгээрийг өндөр концентрацид олж илрүүлэх болон эдийн засгийн хувьд үр ашигтай, байгальд ээлтэй аргаар боловсруулах нь гол сорилт болдог.
Хятад улс дэлхийн боловсруулсан ГХЭ-ийн 90 орчим хувийг үйлдвэрлэдэг бөгөөд ялгаж цэвэршүүлэх хамгийн том хүчин чадлыг эзэмшдэг.
Эдгээр элементүүд нь цэргийн зориулалттай төхөөрөмж, цахилгаан хөдөлгүүр, шинэ үеийн электрон хэрэгсэлд зайлшгүй хэрэгтэй. Lockheed Martin, Tesla, Apple зэрэг компаниуд ГХЭ-д тулгуурлан бүтээгдэхүүнээ хийдэг.
Тарифын хурцадмал байдал, экспортын хяналт
Дональд Трампын Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан тарифын хариу арга хэмжээний хүрээнд Хятад саяхан ГХЭ-ийн экспортод хязгаарлалт тогтоож, тээвэрлэлтийг түр зогсоолоо.
АНУ-д одоогоор ГХЭ-ийн ганц уурхай бий. Энэ нь Калифорни мужийн Mountain Pass уурхай бөгөөд дэлхийн хамгийн баялаг ордуудын нэг юм. Гэвч олборлосон бараг бүх хүдрийг эцсийн боловсруулалтанд оруулахаар Хятад руу илгээдэг.
АНУ Хятадаас хараат байдлаа бууруулахын тулд шинэ түншлэлийг идэвхтэй эрэлхийлж байна. Боломжит орны нэг бол Европын хамгийн том нөөцтэй Украин бөгөөд Трампын засаг захиргаа эдгээр нөөцөд нэвтрэх хэлэлцээрийг хийхээр ажиллаж байна.
Эх сурвалж: www.visualcapitalist.com