Ч.Сансар
Энэтхэгийн хамгийн том ган үйлдвэрлэгч “JSW Steel Ltd” нь ханган нийлүүлэгчдээс хариу өгөхгүй байгаа болон тээвэрлэлтийн асуудлуудаас болж Монголоос коксжих нүүрс импортлоход бэрхшээлтэй тулгарч байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Тус компани 2500 тонн худалдаж авахыг төлөвлөж байсан бол Энэтхэгийн Гангийн газар 75,000 тонн нүүрс худалдаж авах зорилготой байсан.
Энэтхэг коксжих нүүрсний хэрэгцээнийхээ 85 орчим хувийг импортоор хангадаг. Энэтхэгийн хэрэгцээний дийлэнх хувийг Австрали нийлүүлдэг. Энэтхэгийн эдийн засаг өсөж, дэд бүтцийн бүтээн байгуулалтууд нэмэгдэхийн хэрээр гангийн эрэлт нэмэгдэж байна. Энэ хэрэгцээг хангахын тулд Энэтхэг нүүрс худалдан авах шинэ эх үүсвэр хайж байгаа бөгөөд Монгол улс нь харьцангуй хямд, өндөр чанартай коксжих нүүрстэй гэж үзэж байгаа юм байна.
“Монголын талаас хариу ирэхгүй байгаа нь бидэнд маш их хүндрэл учруулж байна. Оросоор тээвэрлэх замууд ачааллаа даахгүй, бөглөрч байгаа бөгөөд Хятадаар дамжуулан нүүрсээ тогтвортой импортлох нь найдвартай биш." гэж нэгэн эх сурвалж хэлэв.
Энэтхэгийн Гангийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Сандип Паундрик Монгол Улс далайд гарцгүй учраас тэндээс түүхий эд импортлоход логистикийн хүндрэлтэй гэдгийг саяхан хүлээн зөвшөөрөв. JSW Steel компани болон Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба Ройтерс агентлагийн тайлбар өгөх хүсэлтэд хариу өгсөнгүй.
Эх сурвалж: reuters.com