Т.Бямбанаран
Рио Тинто (ASX: RIO) групп дэлхийн зах зээлийн чиг хандлага өөрчлөгдөж, худалдааны зөрчилдөөн нэмэгдэж буйтай холбогдуулан газрын ховор элемент (ГХЭ) болон критикал минералын чиглэлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх талаар бодож эхэлжээ.
Австралийн Перт хотноо болсон ээлжит хувь нийлүүлэгчдийн хурлын дараа гүйцэтгэх захирал Якоб Стаушолм, “Компанийн удирдлагууд энэ долоо хоногт ГХЭ-ийн талаар хэлэлцсэн бөгөөд эдгээр ашигт малтмалыг Рио Тинтогийн хөрөнгө оруулалтын багцад оруулах боломжийг “нухацтай авч үзнэ” хэмээн мэдэгдэв.
Тус компани баруун Австралийн Пилбара дахь төмрийн хүдрийн олборлолтын үр ашгийг сайжруулж, Гвиней дэх Симандоугийн төслийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа аж. Үүний зэрэгцээ хөнгөн цагаан, зэс, литийн олборлолтоо шинэчилж байгааг онцолсон юм.
“Тэгэхээр дараагийн алхам бол критикал минералын салбарт илүү гүнзгий анхаарал хандуулах явдал. Гэхдээ үүнийг заавал тусдаа уурхай байгуулах гэж ойлгох хэрэггүй. Рио Тинтогийн одоогийн олборлолтын үйл ажиллагаанд ГХЭ ихэвчлэн дайвар бүтээгдэхүүн байдлаар агуулагддаг тул эдгээрийг илүү зорилготой, төлөвлөгөөтэйгөөр боловсруулах шаардлагатай эсэх нь анхаарах асуудал болоод байна” гэж тэрээр хэлсэн юм.
Тус компани өдгөө титаниумын давхар исэл үйлдвэрлэх явцад дайвар бүтээгдэхүүн болгон скандиум гаргаж авдаг бөгөөд хөнгөн цагааны үйлдвэрлэлээс галли олборлох боломжийг судалж байна. Тус хурлын үеэр Стаушолм хэлэхдээ, ГХЭ-ийн хувьд ихэвчлэн тогтсон зах зээл, биржийн үнэ байдаггүй тул үйлдвэрлэлээ өргөтгөхийн өмнө эрэлт хэрэгцээг хангалттай тодорхойлох шаардлагатай гэжээ.
Тус компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон ч мөн ижил байр суурьтай байгаагаа мэдэгдсэн. Тэрээр, “Энэ салбарын цар хүрээ одоогоор хязгаарлагдмал хэвээр байгаа нь томоохон олборлогч компаниуд энэ чиглэлд идэвхтэй байдаггүйн шалтгаан юм. Гэвч дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх шаардлагатай тул өөрт байгаа нөөц боломжийг харгалзан үзэж, эдийн засгийн үр өгөөжийг шинээр тооцоолох цаг ирсэн байж мэднэ” гэв.
Мөн критикал минерал нь Рио Тинтогийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх нэг гарц болж болохыг дурдлаа.
Эх сурвалж: mining.com