“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр боллоо.
Хурлыг компанийн төрийн эзэмшлийн хувьцааг төлөөлөн эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт даргалан явуулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, компанийн удирдлагууд болон хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлөл оролцлоо.
Хурлын үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, ногдол ашиг хуваарилалт, компанийн дүрэмд оруулах өөрчлөлт болон Төлөөлөн удирдах зөвлөлийн тайлан зэрэг асуудлыг хэлэлцэв.
Компанийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргал 2024 оны үйл ажиллагааны тайланг танилцуулсан бөгөөд тус компанийн хувьд өнгөрсөн онд 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонныг борлуулан, 10.3 их наяд төгрөгийн борлуулалтын орлого, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашиг олсон талаар мэдээллээ. Мөн улсын төсөвт 3.5 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, нийт хувьцаа эзэмшигчдэд 3.9 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилсан нь онцлох үр дүн байлаа.
Түүнчлэн, 2021-2022 онд дотоодын зах зээлд гаргасан ЭТТ-бондын 981.6 тэрбум төгрөгийн төлбөрийг 2024 онд компанийн өөрийн хөрөнгөөр хугацаанд нь бүрэн төлж барагдуулсан байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн хөгжил, боловсрол, эрүүл мэнд болон байгаль орчны салбарт 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь компанийн хувьд амжилтаар дүүрэн он байсныг онцлон дурдлаа.