П.Жаргалсүрэн
Алт болон бусад дагалдах бүтээгдэхүүний үнийн дээд амжилт БНХАУ-ын зэсийн хайлуулах үйлдвэрүүдийг алдагдалтай байхад ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд тусалж байна. Ингэснээр энэ онд томоохон хэмжээний үйлдвэрлэлийн бууралтаас сэргийлэх боломжтой хэмээн шинжээчид үзэж байна.
Сүүлийн жилүүдэд БНХАУ-д зэс хайлуулах хүчин чадал эрчимтэй өссөн ч түүхий эд болох хүдэр хомсдсоор байна. 2021 оноос хойш хүчин чадал 25%-иар өссөн бөгөөд энэ онд дахин 10%-иар нэмэгдэх төлөвтэй.
Хүдэр боловсруулах хураамж буюу TC/RCs (Treatment and Refining Charges) нь зэсийн хүдэр боловсруулахад уурхайчид хайлуулах үйлдвэрт төлдөг төлбөр юм. Энэ хураамж сөрөг утгатай болж, хайлуулах үйлдвэрүүд уурхайчид эсвэл худалдаачдад мөнгө төлж хүдэр боловсруулах шаардлагатай болсон нь салбарын ашигтай үйл ажиллагаанд ихээхэн дарамт үзүүлж байна.
Гэсэн ч алт, хүхэр зэрэг дагалдах бүтээгдэхүүний өндөр үнэ нь эдгээр алдагдлыг тодорхой хэмжээнд нөхөж, үйлдвэрлэлээ үргэлжлүүлэхэд түлхэц болж байна. Ялангуяа алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрсэн нь алт ихтэй хүдрийг боловсруулахад ашигтай болгожээ.
Хуучин, бага хүчин чадалтай, дагалдах бүтээгдэхүүн ялгах технологи муутай үйлдвэрүүдэд илүү хүндрэл тулгарах ч нийт зэсийн үйлдвэрлэлд ихээхэн нөлөө үзүүлэхгүй гэж үзэж байна.
Энэ онд БНХАУ-ын боловсруулсан зэсийн үйлдвэрлэл 10%-иар өсөх төлөвтэй байгаа нь салбарын хүчин чадлын тэлэлттэй холбоотой юм. 2025 онд БНХАУ-ын зэс хайлуулах нийт хүчин чадал 12.78 сая тоннд хүрэхээр байна.
Эх сурвалж: www.miningweekly.com