Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Энэтхэг нүүрсний бирж байгуулахаар төлөвлөж байна

Ч.Сансар

Энэтхэгийн Нүүрсний яам нүүрсний бирж байгуулах бодолтой байгаа. Энэ нь засгийн газраас нүүрсний олборлолтыг нэмэгдүүлэх, хувийн компаниудад уурхайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон салбарын шинэчлэлийн үр дүнд дотоодын нүүрсний үйлдвэрлэл нэмэгдэж байгаатай холбоотой юм.

Дотоодын нүүрсний нөөц нэмэгдсэнээр Энэтхэгт нүүрсний илүүдэл үүсэх хандлагатай байна гэж Нүүрсний яамнаас мэдээллээ. Засгийн газраас нүүрсний бирж байгуулах асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байгаа аж.

Дотоодын нүүрсний нийлүүлэлт нэмэгдсэнээр нүүрс борлуулах тогтолцоо  өөрчлөгдөж, нүүрсний борлуулалтыг дэмжихийн тулд зах зээлийн томоохон шинэчлэл хийх шаардлага үүснэ гэж тус яамнаас мэдэгдэв.

Одоогоор төрийн өмчит Coal India Limited (CIL) болон Singarani Colleries Company Limited (SCCL) зэрэг компаниуд нүүрс борлуулдаг. Тиймээс Хятадын дараа ордог дэлхийн нүүрсний хоёр дахь том хэрэглэгч тус улсад уул уурхайн компаниудад нүүрсээ зах зээлд саадгүй борлуулах боломжийг олгохын тулд Нүүрсний бирж байгуулах хэрэгтэй байна гэж тус яам мэдэгдлээ.

Энэтхэг улс 2024 оноос нүүрсний импортоо бууруулж, дотоодын нүүрсний олборлолтоо нэмэгдүүлж эхэлсэн.

Энэтхэг улс эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд нүүрс импортолдог энэхүү хараат байдлыг бууруулахыг зорьж, дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн. Дотоодод нүүрс элбэг байдаг ч ихэнх нь чанар муутай, шатаахад бага энерги ялгаруулдаг.

Энэтхэгийн нүүрсний олборлолт ойрын жилүүдэд шинэ түвшинд хүрэх төлөвтэй байна гэж нүүрсний яамнаас мэдээллээ. Тус улс 2025 оны 3 дугаар сарын 31-нд дуусах 2024-2025 оны санхүүгийн жилд нэг тэрбум тонн нүүрс олборлох төлөвтэй байна. Засгийн газрын тооцоогоор 2030 он гэхэд жилийн нүүрсний олборлолт 1.5 тэрбум тонн давах аж.

Эх сурвалж: oilprice.com