Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ болон Узбекистан улсууд чухал ашигт малтмалын түншлэл байгуулна

Ч. Сансар

Узбекистан улс ашигт малтмалын салбарт 2.6 тэрбум долларын хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарлаж, АНУ-ын компаниудад газрын ховор элементийг нийлүүлэх боломж нээгдлээ.

Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 3-р сарын 7-нд Ташкент хотод 28 чухал ашигт малтмалыг хамарсан 76 төсөл боловсруулах гурван жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг танилцуулав.

Узбекистан гянт болд, лити, титан, ванади зэрэг чухал ашигт малтмалын томоохон ордуудыг илрүүлсэн билээ. Ванади бол цөмийн реактор барихад ашигладаг элемент юм. Гэхдээ одоог хүртэл хөрөнгө оруулалт хийгдэхгүй байсны улмаас эдгээр ордуудыг эрчимтэй ашиглаж чадаагүй байсан аж.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Узбекистанд олборлосон ашигт малтмалыг тус улсад ажилладаг үйлдвэрүүдэд нийлүүлж, автомашин, электрон бараа, өндөр технологи бүхий бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэхийг зорьж байгаа юм. Мөн АНУ-ын хөрөнгө оруулалтыг татах, АНУ-тай худалдаа наймаа хийх шинэ боломжуудын үүд хаалгыг нээж байгаа аж.

Узбекистан улс геологи хайгуулыг эрчимжүүлж, дэвшилтэт технологи ашиглах чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, уул уурхайн шилдэг туршлагыг нэвтрүүлэх зорилгоор Ташкент, Самарканд мужуудад технологийн төвүүдийг байгуулахаар төлөвлөж байна.

Трампын засаг захиргааны гадаад бодлого нь газрын ховор элементийг АНУ-д нийлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, чухал ашигт малтмалын салбарт Хятадаас хараат байдлыг бууруулахад чиглэж байгаа юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хоёрдугаар сарын 21-нд Узбекистаны гадаад харилцааны сайдад “чухал ашигт малтмалын салбарт  хөрөнгө оруулах харилцан ашигтай боломжууд” байгааг онцолжээ. Узбекистанд одоогоор газрын ховор элементийг ашиглах ноу-хау, технологи дутмаг байгаа.

2024 оны 9 дүгээр сард Узбекистан АНУ-тай эрдэс баялгийг хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан.

Эх сурвалж: oilprice.com